Өмч хөрөнгийн бүртгэл хяналтыг сайжруулах үүрэг өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-11 20:24:37

Орон нутгийн өмчийн бүртгэл, хяналтыг сайжруулж, ажилдаа ахиц гарган ажиллахыг аймгийн Засаг дарга Орон нутгийн өмчийн албанд үүрэг болгосон байна. Тэрээр орон нутгийн өмч хөрөнгө эзэнгүйдэж, бүртгэл цэгцгүй, ашиглалтад нь тавих хяналт сул байна гэж үзжээ.

Тухайлбал,  Цөм сүргийн үржлийн станцын үйл ажиллагаа хяналтгүй, Мандалговийнхны усны гол эх үүсвэр Олгойн говийн худгийн шугам шинэчлэл 3 км газар дутуу хийгдсэн, Нисэх буудлын чиглэлийн замыг хийхэд 20 айл нүүлгэх зардалд 20 сая төгрөг төсөвлөсөн боловч нэг ч айл нүүлгээгүй, аймгийн ЗДТГ хоёр давхар барилгыг худалдаж авсан ч огт ашиглаагүй, ашиглуулсан ч түрээсийн төлбөр гэж орж ирдэггүй, Баянжаргалан суманд  орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр халуун усны барилга барьсан боловч сумын Засаг дарга нь өөрөө дотор нь амьдардаг, Дэрэн сумын тэжээлийн үйлдвэрийн техник тоног төхөөрөмж, автомашин ашиглалт хяналтгүй байгаа, аймгийн ЗДТГ-ын эзэмшилд  хорь гаруй гэр  бий боловч бүртгэл тооцоо байхгүй зэрэг орон нутгийн өмч хөрөнгөтэй холбоотой олон зөрчил дутагдал байгааг Засаг дарга дурьдаж, үүнийг засч, өмчийн бүртгэл хяналтыг  эрс сайжруулах шаардлагатайг үүрэг болгосон байна.

Мөн Их газрын чулуун дахь байгалийн задгай театрын тайзны эзэмшил, ашиглалтанд анхаарах, байгууллагуудын өмч хөрөнгөнд илүүдэлтэй байгаа хөрөнгийг шаардлагатай газруудад нь шилжүүлж, актлах шаардлагатай хөрөнгөнд  дүгнэлт гарган үнэлж  худалдах, огт хэрэгцээгүйг нь устгах зэргээр цэгцлэх шаардлага байна гэжээ.

Орон нутгийн өмчийн алба нь аймгийн ИТХ-ын дэргэд ажилладаг байсан бөгөөд  дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд шилжсэн юм. Тиймээс тус албанд Засаг дарга ийнхүү үүрэг даалгавар өгч, өмч хөрөнгийн бүртгэл, хяналтыг цэгцлэхийн тулд ажлын хэсэг байгуулан, нэг сарын аян зохион байгуулж дүгнэхээр болсныг Засаг даргын дэргэдэх Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ