Армений тал 142 удаа гал зогсоох хэлэлцээрийг зөрчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-05-11 18:01:11

БАКУ. /TASS/. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Армений зэвсэгт хүчин фронтын шугамын хэд хэдэн хэсэгт 142 удаа гал зогсоох хэлэлцээрийг зөрчлөө. Тодруулбал, хүнд пулемёт болон 60 мм-ийн миномётоор гал нээсэн гэж Азербайжаны Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Тус яамны мэдэгдэлд дурдсанаар, Армений тал Азербайжаны цэргийн байрлаж буй хүн ам олонтой суурингууд болон хоёр улсын хилийн дагуух уулархаг газар орон болон Уулын Карабахтай залгаа орших бүсүүд рүү гал нээсэн байна.

Үүссэн нөхцөл байдалд Азербайжаны цэргийн хүч дайсны байрлал руу 144 удаа хариу гал нээлээ гэж Азербайжаны Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Уулын Карабах дахь нөхцөл байдал дөрөвдүгээр сарын 2-ны шөнөөс эхлэн эрс муудсан билээ.

Ширүүн зэвсэгт мөргөлдөөн болсны дараагаар байгуулсан энхийн хэлэлцээрийг зөрчсөн гэж талууд бие биенээ буруутгасаар байгаа ажээ.  

Дөрөвдугээр сарын 5-нд Азербайжаны зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хурандаа генерал Нажмеддин Садуков болон Армений зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хурандаа генерал Юрий Хачатуров нарын хооронд ОХУ-ын тал зуучлан Москва хотод уулзалт зохион байгуулсан юм.

Уулзалтын үр дүнд хоёр тал Уулын Карабах дахь Азербайжан болон Армений цэргүүдийг эргүүлэн татаж тусгаарлах шугамын бүсэд байлдааны ажиллагааг зогсоох талаар тохиролцоонд хүрчээ.

Тухайн өдөр Азербайжан болон Армений талууд 12 цагт (Москвагийн цагаар 11:00) гал зогсооно гэдгээ зарласан байна. Гэвч тэр өдрөөс хойш талууд сөргөлдөөний бүсэд харилцан гал нээсэн тухай мэдээлэл ирсээр байгаа юм.

Х.Сарнай


 

 


 

 

 

Холбоотой мэдээ