Хэнтий аймгийн сонгогчдын 27.5 хувь нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
sarantsetseg@montsame.mn
2020-06-24 17:31:15

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд 89 хэсгийн хороонд 49689 сонгогч саналаа өгөхөөс 12.00 цагийн байдлаар 13647 буюу нийт сонгогчдын 27.5 хувь нь саналаа өгөөд байна.

Биндэр, Батширээт, Дадал суманд бороо ихээр орж голууд үерлэж байгаа учраас өнөөдөр аймгийн Сонгуулийн хороо, ОБГ шуурхай хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу завь, туулах чадвар сайтай автомашинтай шуурхай бүлгийг Дадал сум руу явуулж, Хилийн цэргийн 0287 дугаар ангийн Урал маркийн 3 автомашин 3 голын орчим байрлаж сонгогчдын санал өгөх боломжийг бүрдүүлээд байна.

Бор-Өндөр суманд санал тоолох төхөөрөмж, Баянмөнх суманд иргэний бүртгэлийн ажилтны төхөөрөмж гацсан байна. Аймгийн нөөцөд байсан төхөөрөмжийг Баянмөнх сум руу явуулсан бөгөөд СЕХ-ны холбогдох журмыг баримтлан сонгуулийн санал хураалт хэвийн явж байна. Иргэний үнэмлэхгүй иргэн санал авах байранд очоод хурууны хээгээ уншуулан саналаа өгөх боломжтой аж.

 

Холбоотой мэдээ