Туркийн Ерөнхийлөгч ЕХ-г буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-11 09:58:22

АНКАРА. /Anadolu/. Европын Холбоо /ЕХ/ бидэнтэй тохиролцсоныхоо дагуу Сирийн дүрвэгсдэд буцалтгүй тусламж олгоно гэсэн амлалтаа биелүүлэхгүй байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус байгууллагыг буруушаав.

Тэрбээр Туркийн Худалдаа аж үйлдвэрийн танхим болон бараа түүхий эдийн биржүүдийн холбооны зохион байгуулсан арга хэмжээний үеэр үг хэлэхдээ "Турк, ЕХ хоёр гэрээ байгуулснаас хойш хэдэн сарын хугацаа өнгөрлөө. Сирийн дүрвэгсдэд зориулан хэдэн тэрбум еврог ЕХ өгөхөөр тохиролцсон боловч өнөөг хүртэл ямар ч мөнгө орж ирээгүй байна" гэж мэдэгджээ.

“Турк улс гурван сая орчим Сирийн дүрвэгсдийг хамгаалан тэтгэж байгаа бөгөөд үүнд одоогийн байдлаар 10 тэрбум доллар зарлагадаад байна. Үүнээс гадна төрийн бус байгууллагуудын зарцуулсан мөнгө 20 тэрбум доллароос давсан” гэж Туркийн Ерөнхийлөгч дурдсан байна.

ЕХ жил бүр 3 тэрбум евро олгоно гэж амалсан. Гэтэл өнөөг хүртэл тэр мөнгөнөөс нь нэг ч  евро орж ирээгүй гэдгийг тэрбээр санууллаа.

Эрдоган цааш нь хэлэхдээ “ЕХ-ны удирдагчид Туркт ирж, дүрвэгсдийн хуаранд очих үеэрээ санхүүжилт олгох төслийн материалыг нарийвчлан тодруулахыг шаардаж байсан. Та бүхэн биднээр тоглоод байна уу? ямар төслийн тухай яриад байна вэ? Тухайн үед дүрвэгсдийн 25 хуаран байсан. ЕХ-ныхон тэдгээрийг нүдээрээ харсан. Бид чингэлэг болон майхнаар хотууд байгуулсан. Харин тэд "төслөө өг, бид мөнгө өгье" гэж ярьж байна” гэлээ.

Европыг чиглэсэн дүрвэгсдийн урсгалыг зогсоох зорилгоор Турк-ЕХ хооронд байгуулсан гэрээний дагуу тус холбоо Сирийн дүрвэгсдэд зориулан 6 тэрбум еврог Туркт шилжүүлэхээр тохиролцсон ажээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ