ЕХ Крымд авсан хоригийг нэг жилээр сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-06-19 09:40:00

БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбоо /ЕХ/ Крымийн хойгийг ОХУ-тай нэгтгэхийг хүлээн зөвшөөрөхгүй байх бодлогын хүрээнд Крым, Севастопольд авсан хориг арга хэмжээг нэг жилээр сунгасан байна. Энэ тухай ЕХ-ны Зөвлөлөөс пүрэв гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ


Уг баримт бичигт хориг арга хэмжээг 2021 оны зургадугаар сарын 23 хүртэл сунгасан гэж тэмдэглэжээ. Зөвлөлийн шийдвэр “ЕХ-ны албан ёсны сэтгүүл”-д удахгүй нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж.


ЕХ-ны гишүүн орнуудын байнгын төлөөлөгчид Крымтэй холбоотойгоор ОХУ-д авсан хязгаарлалтын арга хэмжээг сунгах тохиролцоонд зургадугаар сарын 11-нд хүрчээ.


ЕХ 2014 онд Украинд болсон үйл явдалтай холбогдуулан Орост хориг арга хэмжээ авсан билээ. Тус холбооны хориг арга хэмжээний бодлого нь Оросын иргэдийн эсрэг визийн хязгаарлалт тогтоох, газрын тос, батлан ​​хамгаалах, санхүүгийн салбар дахь Оросын төрийн өмчит хэд хэдэн компанид эдийн засгийн салбарын хориг арга хэмжээ авах болон Крымийн эсрэг хориг гэсэн гурван тусдаа хэсгээс бүрдэж байгаа юм. Эхний хоёр хориг арга хэмжээг хагас жилд нэг удаа, харин Крымийн эсрэг хоригийг жилд нэг удаа сунгадаг байна.


Холбоотой мэдээ