Д.Сосорбарам “Nikkei Asia Prize” шагналын эзэн боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-10 16:45:53

ТОКИО. /Nikkei/. МУГЖ, Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам Японы хэвлэл мэдээллийн “Nikkei” группын “Nikkei Asia Prize”-ийн соёлын шагналыг хүртэхээр болжээ.

Д.Сосорбарам 1958 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын малчин айлд төрж өсчээ. Хүүхэд ахуй насаа морин дэл дээр өнгөрөөж, сар ширтэн дуу дуулдаг нэгэн байлаа. Улмаар тэрбээр монгол дуу хөгжимдөө салахын аргагүйгээр дуртай болсон нь хожим улс төрийн зүтгэлтэн болох замын эхийг  тавьсан байна.

Тэрбээр 1982 онд театрын урлагийн мэргэжлээр дээд сургууль дүүргэж, үндэсний театрт жүжигчнээр оржээ. Гэвч тухайн үеийн Монгол нь ЗХУ-ын дагуул улс байсан учир Д.Сосорбарам социализмыг сурталчилсан жүжигт тоглохоос өөр аргагүй байсан юм. Тэрбээр энэ бүхнээс залхаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүсэлдээ хөтлөгдөн ардчилсан хувьсгалд гар бие оролцохоор шийджээ. Сосорбарам 1989 оны ардчилсан хөдөлгөөний үед өрнөсөн улс төрийн кампанит ажилд оролцон дуу дуулж, шүлэг уншиж, сөрөг хүчнүүдийг нэгтгэн одоогийн эрх баригч Ардчилсан намыг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм.

Тэрбээр 1990 оны хоёрдугаар сард болсон Ардчилсан намын анхдугаар их хурлыг нээн үг хэлж байжээ. Энэ үйл явдлын дараа гуравдугаар сард Монгол Улс тайван замаар ардчилалд шилжжээ.

Ингээд Д.Сосорбарамтай хамт ардчиллын төлөө тэмцэж явсан хүмүүс улс төрийн удирдагч болох зам мөрийг хөөсөн бол тэрбээр урлагтаа үлдэхээр шийджээ. “Хэрвээ би хайртай зүйлээ орхивол хүн чанараа алдана шүү дээ” гэж тэрбээр хэллээ.

Одоо тэрбээр Монголын уламжлалт соёл урлагийг залуу үеийнхэнд өвлүүлэн үлдээхийн төлөө ажиллаж байна. Түүний удирддаг “Домог” хамтлаг 2013 онд Болгарт болсон Дэлхийн язгуур урлагийн наадмаас гранпри шагнал хүртэж, МУГЖ, Төрийн шагналт Д.Сосорбарамд “маэстро” цол олгожээ.

Тэрбээр хэдийгээр урлагийн мөр хөөсөн ч гэсэн түүний улс төрийн сонирхол буураагүй юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тэрбээр Монголын эрх баригчдыг буруушааж “ирээдүйгээ боддоггүй улс төрчид олон байна” гэж мэдэгдэж байв.

Улс төр, урлаг хоёрын аль алиныг нь сайн мэддэг Д.Сосорбарам хайртай Монгол Улс нь хаашаа чиглэж буйг анхааралтай ажиглаж байдаг.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ