Ханбогд сум дахь Малын эрүүл мэндийн төвийг МЭЕГ-ын харьяанд шилжүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-17 10:23:03
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Ханбогд суманд барьсан “Малын эрүүл мэндийн нэгдсэн төв” Мал эмнэлгийн ерөнхий газар /МЭЕГ/-ын шууд харьяанд ажиллахаар боллоо.


Өмнөговь аймгийн Ханбогд сумын Малын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг тогтворжуулах, мал сүргийн эрүүл мэнд болон мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах Хамтын ажиллагааны гэрээнд Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, “Оюу толгой” ХХК–ийн Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Тим Экэрсли нар өчигдөр гарын үсэг зурав.


Хамтын ажиллагааны хүрээнд шинжлэх ухааны судалгаа, лабораторийн шинжилгээнд үндэслэсэн мал эмнэлгийн үйлчилгээг хөгжүүлэх, мал сүргийн чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог бүс нутгийн хэмжээнд шинээр бий болгохыг зорьж байна. Ханбогд сумын Малын эрүүл мэндийн нэгдсэн төв нь бүс нутгийн хэмжээнд мал аж ахуйн салбарын бүх үйлчилгээг төвлөрүүлсэн, шинэлэг, анхдагч үйлчилгээ үзүүлэх нэгж болох бөгөөд бүс нутгийн мал аж ахуйн салбарын урт хугацааны тогтвортой хөгжилд бодитой дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.


2017 онд шинээр баталсан “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль” болон “Малын генетик нөөцийн тухай хууль” амьдрал дээр хэрэгжих нэг суурь болж байгаараа энэ хамтын ажиллагаа, түншлэл чухал ач холбогдолтой гэдгийг талууд онцоллоо. 


“Малын эрүүл мэндийн нэгдсэн төв”-ийг  “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” 1.4 тэрбум төгрөгөөр барьж 2018 оны хавар ашиглалтад оруулсан юм.  Мал сүргийн ашиг шимт чанарыг нэмэгдүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх үндсэн зорилготойгоор байгуулж орон нутгийн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангахад тодорхой хувь нэмэр болохыг тус сангаас зорьжээ.

Холбоотой мэдээ