Царгас тариалах иргэдийн тоо өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-06-17 10:15:44

Завхан /МОНЦАМЭ/ .Царгасны өвс шимт чанараараа байгалийн хадлангаас дөрөв дахин, ногоон тэжээлээс гурав дахин илүү учраас Идэр сум энэ жил 70 га газарт царгас тариалж байна.

Сүүлийн хоёр жил царгасны тариалалт га тутамд нэмэгдэж ургац ч чамгүй авсан аж. Анх 2018 онд бэлчээр тэжээлийн олон наст ургамал болох шар царгасыг 50 га талбайд "Мерси Кор" олон улсын байгууллагын хөрөнгө оруулалттайгаар тариалж байсан тус суманд царгас тариалах иргэдийн тоо нэмэгджээ. Тиймээс ч өнгөрсөн хоёр жил амжилттай ургац авсан бөгөөд малчдад тэжээлийн ургамал тариалах талбай гаргаж фермер, эрчимжсэн мал аж ахуй хослуулан эрхлэх ажлуудыг өнгөрсөн жил эрчимтэй хийжээ. Харин энэ жил царгас тариалах талбайгаа хоёр дахин томсгон нэмж 12 малчин царгас тариалж байна. Ер нь царгасыг бид маш сайн тариалж малаа тэжээж чадвал мал осгож үрэгдэхгүй, амьдын жин нь улам л нэмэгддэг ашигтай шим тэжээл сайтай ургамал юм байна.

Тухайлбал, нэг кг царгасны өвсний найрлагад 18-20 хувийн протеин, 13-14 г кальци, хоёроос таван грамм фосфор, 8-9 грамм зэс байдаг. Энэ нь үет олон наст өвснөөс бараг хоёр дахин их үзүүлэлт юм. Судалгаанаас үзэхэд нэгж талбайгаас хураан авах протеины хэмжээгээр таримал царгас шар буурцгаас гурваас тав дахин, улаан буудайнаас 6,3 дахин их байдаг гэж судлаачид хэлсэн байдаг.

Аливаа таримал ургамал хөрснөөс шим тэжээлийн бодисыг авч хөрсийг ямагт ядууруулж байдаг бол царгас нь эсрэгээр, хөрсний үржил шимийг нөхөн сэргээхэд онцгой ач холбогдолтой таримал юм билээ. Түүнээс гадна жилд хоёр удаа хадаж авах боломжтой. Тиймээс тус сумынхан энэ жил энэхүү ашигтай ургамлыг үргэлжлүүлэн тариалж байгаа нь энэ юм. Цаашид га-гаас авах ургацаа нэмэгдүүлэх, тариалалт хийж буй малчдын тоог нэмэх, чадваржуулах, талбайн хэмжээгээ нэмэх төлөвлөгөөтэй байгаа хэмээн Идэр сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ