Иргэд төрийн 54 үйлчилгээг сумаасаа авч эхэллээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-06-16 16:19:11

Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг 2020 оныг “Хүртээмжтэй, чанартай төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж нэн тэргүүнд төрийн мэдээлэл солилцооны "Хур" системийг 27 сум, хүн амын нягтаршил ихтэй 10 багт нэвтрүүлэх зорилт тавьжээ.  Энэхүү зорилтын хүрээнд 20 суманд “Хур систем”-ийн техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, иргэдэд үйлчилгээ үзүүлэх албан хаагчдыг сургалтад хамруулав.


“Хур систем”-ийг нэвтрүүлснээр иргэд харьяалал харгалзахгүй Төв аймгийн аль ч нутаг дэвсгэрээс төрийн үйлчилгээг нэг дороос авах нөхцөл бүрдэж байгаа бөгөөд эхний шатанд 11 байгууллагын 54 үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

Тодруулбал Өндөрширээт сумын хувьд "Хур" системийн тоног төхөөрөмжийн ашиглалт нэмэгдэж, иргэд өөрт хэрэгтэй төрийн үйлчилгээ, лавлагаа мэдээллийг авч эхэлсэн бөгөөд уг системийг нэвтрүүлснээр иргэд заавал аймгийн төв, нийслэл орох шаардлагагүйгээр төрийн үйлчилгээг сумаасаа, бүр цаашлаад багийн төвөөсөө авах боломж бүрдэж байгааг аймгийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс онцоллоо.


Уг системээр иргэд халамж, улсын бүртгэл, авто тээвэр, татвар, жолооны үнэмлэх, галт зэвсэг, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх гэх мэт лавлагаа мэдээллийг бүрэн авах боломжтой аж.

 

 

 

Холбоотой мэдээ