Сайхан, Баян-Агт суманд нийт малын хорогдлын 70,5 хувь гарчээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-06-16 10:42:53

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ он гарсаар 116,9 мянган толгой том малын хорогдол гарчээ. Сайхан суманд 46,6, Баян-Агт суманд 35,8 мянган мал хорогдсон нь аймгийн хэмжээний нийт том малын хорогдлын 70,5 хувийг эзэлж байна. Могод, Орхон, Хутаг-Өндөр суманд 5,0-8,8 мянган мал хорогджээ. Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ц.Бямбацогт:

-Өвөл, хавар цас их хэмжээгээр унаж, хавар хавсаргатай байснаас мал их ядарсан. Бэлчээр их хэмжээгээр талхлагдсан, малын тарга хүч ерөнхийдөө тааруу байснаас хорогдол их гарлаа. Могод, Сайхан зэрэг сумын зарим нутгаар зуншлага муу байгаагаас малын хорогдол гарсаар байна. Могод суманд малаа тэжээж байгаа талаар сумын мал аж ахуйн мэргэжилтнүүд хэлж байна. Орон нутагт зуншлага гайгүй байгаа газарт мал оторлох ажлыг зохицуулах арга хэмжээ авах хэрэгтэй болж байна гэж ярилаа.  

Холбоотой мэдээ