Герман улс Монголд 1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-13 08:32:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яам “Түнш орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалах, тогтвортой байдлыг хангах, сайжруулах хөтөлбөр”-ийнхөө хүрээнд Монгол Улсын БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэгт тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, эм тариа худалдан авахад зориулан 1 сая еврогийн буцалтгүй олгоно.


Буцалтгүй тусламж олгох тохиролцоонд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг нар өчигдөр буюу энэ сарын 12-нд гарын үсэг зуржээ.


Цэргийн төв эмнэлэг нь COVID-19 цар тахлын үед өвчтөнийг тусгаарлах эмчлэх гол эмнэлгийн нэг гэдгийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд гарын үсэг зурах үеэр онцлов. Тэрбээр, “Чухал хариуцлагатай үед эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулж, хамгаалах хэрэгсэл болон эм тариа худалдан авах санхүүгийн тусламж олгож байгаа нь эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид эрсдэлгүй ажиллах, цаашлаад цэргийн алба хаагчид болон иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулахад том түлхэц болж байна” гэлээ.


Харин Элчин сайд  Ёорн Розенберг, “Дэлхий нийтийг түгшээж буй цар тахлыг бид хамтын хүчээр давах ёстой. Энэхүү тусламж нь Монгол Улсын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнд дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна” гэв.


Түүнчлэн ХБНГУ-ын Зэвсэгт хүчний нөөцөөс Монгол Улсын Зэвсэгт хүчин, энхийг сахиулагчдын эрүүл мэндийн үйлчилгээ болон яаралтай осол, гамшгийн үед хэрэглэх зориулалттай 20 ширхэг зөөврийн амьсгалын аппаратыг буцалтгүй тусламжаар олгох аж.

Холбоотой мэдээ