Улсын хэмжээнд 140 мянга орчим мод тарьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-06-09 16:38:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын байгууллагаас байгаль орчин, газар, геодези, геологи, уул уурхайн хяналтын чиглэлээр “Зөв дадал - Ногоон ирээдүй” цахим аяныг 2020 оны тавдугаар сарын 1-31-нд улсын хэмжээнд зохион байгуулав.


Тус аяныг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж цахим орчинд зохион байгуулсан гэдгээрээ онцлог юм. Төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын газрууд аяны хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, улсын хэмжээнд 16 чиглэлийн 268 ажлыг төлөвлөж 100 хувь хэрэгжүүлсэн байна.


Тухайлбал, орон нутагт “Цэвэр хот-цэвэр сум”, “Хоггүй цэвэр хот”, “Хогоо цэвэрлэе” зэрэг аяныг зохион байгуулж гудамж талбай, албан газар, айл өрхийн хэмжээнд хог хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлэх, дөрвөн аймгийн 42 суманд хог хаягдлыг ангилан ялгах хогийн савнуудыг байршуулжээ. Мөн 680 аж ахуйн нэгж, байгууллага, албан хаагч, ажилчдыг уриалан нийтийн эзэмшлийн 567.5 га газар, зам, талбайд хаягдсан 6850 тн ил задгай хог хаягдлыг хамтран цэвэрлэсэн байна.


Мөн бүх нийтээр мод тарих аяныг өрнүүлж улсын хэмжээнд 410 аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх, 7965 иргэнийг хамруулан 137476 ширхэг модыг нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн хашаанд тарьж суулгажээ.


Уул уурхайн олборлолтоос эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх талбайн хэмжээг нэмэгдүүлэх уриалгыг гаргаж, уул уурхай бүхий аймгийг уриалгад нэгтгэн нийт 187.7  га талбайд техникийн нөхөн сэргээлт, 112.1 га биологийн нөхөн сэргээлт хийлгэсэн байна.


“Зөв дадал - Ногоон ирээдүй” цахим сарын аянаар улсын хэмжээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчид, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын мэргэжилтэн, байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчид, хуулиар тусгайлан эрх олгогдсон байгаль хамгаалагч зэрэг нийт 741 албан хаагчид хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулжээ.


Мөн байгаль орчныг хамгаалах багц хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор ой хээрийн түймэр, хууль бус мод бэлтгэл, уул уурхайн нөхөн сэргээлт, газар ашиглалт, агаарын бохирдол, хог хаягдал, ус, хөрс, химийн бодисын ашиглалт, хамгаалалтын чиглэлээр видео хичээл, зөвлөмж, зурагт хуудас бэлтгэн байршуулсан байна.

Холбоотой мэдээ