ФАТФ-аас өгсөн зургаан даалгаврын гурвыг нь ТЕГ гүйцэтгэв

Монголын мэдээ | Хууль
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-09 11:04:02
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өгсөн 6 даалгаврын 3-ыг нь Тагнуулын ерөнхий газар хариуцан амжилттай гүйцэтгэлээ.


Манай улс ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны 10 дугаар сард орж 4 шууд хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийн дагуу 6 ажлын даалгавар авсан. Улмаар БНХАУ-д 2020 оны 1 сард болсон ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хурал болон 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн цахим хурлаар тус 6 ажлын даалгаврын тайланг танилцуулж амжилттай хамгаалснаар стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах нөхцөл бүрдсэнийг 5 сарын 28-нд ФАТФ-аас албан ёсоор мэдэгдсэн билээ.  


Тус байгууллагын хяналтын жагсаалтад орсноос хойш ТЕГ Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр Сангийн яам, ХЗДХЯ, ГХЯ, Монголбанк, СЗХ, АТГ, ЦЕГ зэрэг 15 байгууллагаас бүрдсэн Хамтын ажиллагааны зөвлөлийг тэргүүлэн ажилласан бөгөөд ФАТФ-аас өгсөн нийт 6 ажлын даалгаврын 3-ыг хариуцаж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллажээ.


Тухайлбал, мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах, яллах ажиллагааг тогтоосон эрсдэлтэй нийцүүлэн нэмэгдүүлэх ажлын хүрээнд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг түргэн, шуурхай хэрэгжүүлж, гадаад улс, олон улсын байгууллагуудтай харилцаа тогтоож, мэдээ мэдээлэл, нотлох баримт бүрдүүлэх шинэ зам, сувгуудыг нээн ажилласны дүнд мөнгө угаахтай холбоотой үйлдэл болон гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмэгдэж, эрсдэлийн түвшинтэй уялдуулан мөрдөн шалгах, прокуророор яллах ажиллагааг сайжруулсан байна.


Мөн НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээс зайлсхийхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах ажлын хүрээнд “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хууль”-ийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулснаар НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог бий болгож байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирчээ.


Түүнчлэн санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах болон гаргасан зөрчилд нь дүйцэхүйц дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах ажлын хүрээнд ТЕГ-ын дарга “НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх аргачлал”‑ыг баталжээ. Энэ хүрээнд санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд харилцагчийг таньж мэдэх, эрсдэлийг үнэлж удирдах чиглэлээр сургалт хийж, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах нэгдсэн тогтолцоог бүрдүүлжээ.


ФАТФ-аас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд гаргасан ахиц, дэвшлийг газар дээр нь ирж үнэлэх бөгөөд үүний дараа манай улс стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас албан ёсоор гарах хүлээлттэй байгаа юм.

Холбоотой мэдээ