Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-06-02 13:54:16

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийг түшиглэн 20х40м хэмжээ бүхий олон улсын стандартад нийцсэн жижиг хөлбөмбөгийн талбай байгуулж энэ сарын 1-ний өдөр нээлтээ хийлээ.

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар Монголын Хөл бөмбөгийн холбооны дэмжлэг, Азийн Хөл бөмбөгийн холбооны санхүүжилтээр уг талбайг барьж байгуулсан байна. “Эйч-Би-Эс” компанийн хийж гүйцэтгэсэн уг хөлбөмбөгийн талбай нь 60 мм зүлэгтэй, олон улсын стандарт бүхий гэрэлтүүлэгтэй, сүүлийн үеийн ус зайлуулах системтэй аж. 

Хөлбөмбөгийн талбайн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, МХБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Болдбаатар, аймгийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн О.Ганцоож, Олон улсын хэмжээний мастер Д.Лүмбэнгарав нарын спортын алдартнууд болон 3-р сургуулийн багш, ажилчид оролцож, хүүхэд багачуудад амжилт хүсэн энэхүү талбайгаас Монгол Улсын нэрийг дэлхийд цуурайтуулсан шилдэг тамирчид төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ