Ариутгалын төвлөрсөн тасгийг засварлан, тоног төхөөрөмжөөр хангах ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн ариутгалын төвлөрсөн тасгийг иж бүрэн засварлан тохижуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, ажилтнуудад мэргэжил аргазүйн сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулах тусгай төсөл хэрэгжиж эхэллээ. Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр - 5" төслийн хүрээнд дээрх ажил өрнөх юм.
Төслийн хүрээнд ариутгалын төвлөрсөн тасгийг 210 сая төгрөгийн өртгөөр иж бүрэн засварлан шинэчлэх ажлыг хийж, 560 гаруй сая төгрөгийн өртөг бүхий ариутгал халдваргүйтгэлийн нэн шаардлагатай 15 нэр төрлийн тусгай тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр болжээ. Нэгдсэн эмнэлгийн ариутгалын төвлөрсөн тасгийг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийг “Хангамж Өргөө” ХХК гүйцэтгэх бол төслийн гүйцэтгэлд “Ньюком” ХХК хяналт тавин ажиллах бөгөөд наймдугаар сарын нэгэн гэхэд бүрэн ашиглалтад оруулах юм байна.
Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад 1.2 сая америк долларын санхүүжилттэй нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлснээс 480 сая төгрөгийн өртөг бүхий суурин рентген, наркозын аппарат, эрчимт эмчилгээний хяналтын монитор дөрвөн ширхэг тус тус Баянхонгор аймагт хуваарилагджээ.
Баянхонгорынхны эрүүл мэндэд үнэт хөрөнгө оруулалтыг хийж буй тус төслийн менежер, Анагаах ухааны доктор Р.Эрдэнэтунгалагийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал хүлээж авч уулзан, аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийлсэн байна.
Сонирхуулахад, "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5" төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Цусны салбар төв иж бүрэн засварт орж, 66 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангагдаад буй. Тус төслийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор тус аймагт 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна.