"Улаанбаатар травэл экспо-2020" цахим үзэсгэлэн 3 өдөр үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-05-27 14:40:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар Травэл Экспо-2020” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг энэ сарын 29-31-нд анх удаа цахимаар зохион байгуулна.


Тус үзэсгэлэнг “Төлөвлөе, Аялъя, Суралцъя” уриан дор 6 дахь жилдээ зохион байгуулахаар болж, энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, “Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо” ТББ-ны тэргүүн Ё.Бадрал, “Орхон” гэр баазын захирал Г.Отгонбаатар нар мэдээлэл өглөө.



Цахимаар зохион байгуулах уг үзэсгэлэнгээр төрийн болон ТББ, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, сувилал, даатгал, нислэгийн тийз борлуулагч, авиа компаниуд, аяллын клуб, машин түрээсийн үйлчилгээ, тур оператор байгууллагуудын нэгдсэн мэдээллийг нэг дороос авах боломжтой юм байна.


Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар: "Улаанбаатар травэл экспо-2020" үзэсгэлэнг зохион байгуулах бэлтгэлдээ орсон. 2019 онд Монгол Улсад 577 мянган жуулчин ирсэн. Энэ нь өмнөх үеэс 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Цахим үзэсгэлэнд тавигдсан байгууллагуудын аяллын бүтээгдэхүүн үйлчилгээг бүтэн жилийн турш сурталчилж, хамтран ажиллана. Аялал жуулчлалтай холбоотой ном, сэтгүүл, танилцуулгыг татаж авах, 3 хоногийн турш Онлайн хэлэлцүүлэг, илтгэл, байгууллагуудын танилцуулгыг шууд үзэж, шууд лайвын дараа азтан болох боломжийг бүрдүүлж байгаа. Мөн “Жим-Аяллын хөтөч” аялал жуулчлалын анхны цахим сэтгүүлийг М+ аппликейшн дээр байршуулахаас гадна хэвлэмлээр тараана” гэлээ.


Энэ удаагийн цахим үзэсгэлэн нь “COVID-19” цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлаа ханган, эх орондоо, аяллаа төлөвлөх, “Байгальд ээлтэй аялах” аяллаар дамжуулан ирээдүй хойчдоо байгаль орчин, ёс заншил, үндэсний соёл, ахуйгаа хайрлан хамгаалахад суралцахыг олон нийтэд уриалан сурталчлах юм байна.

Холбоотой мэдээ