Энэ оны эхний улиралд гэр бүлийн хүчирхийллийн 91 гомдол мэдээлэл бүртгэгджээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-05-27 15:41:11

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2019, 2020 оны эхний улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гомдол мэдээлэл өссөн статистик үзүүлэлттэй байна.

Тухайлбал, 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар Цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийллийн нийт гомдол мэдээлэл 91 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 78-р буюу 14.2 хувиар өссөн байна. Үүний дотор гэмт хэрэг 33.3 хувь, зөрчил 91.0 хувь, эрүүлжүүлэгдсэн 44.0 хувь, баривчлагдсан 38.7 хувиар тус тус өсжээ.

"Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлж улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, хөл хорио тогтоож, олон нийтийн арга хэмжээг түр зогсоосон энэ цаг үед ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа архинаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй, гэр бүлийн гишүүдийн эрх зөрчигдөх, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирох, хүүхэд давхар эрсдэлд орох явдал гарсаар байна.

Энэ нөхцөл байдалд үндэслэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хүүхдийг аливаа эрсдэлээс хамгаалж, аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн тогтвортой байдал, үнэ цэнийг бий болгох, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Эерэг бүхний хайрыг түгээе” аяныг Цагдаагийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Хөгжимт драмын театр, Насан туршийн боловсролын төв, ФЛОМ олон улсын байгууллагууд хамтран цаг үеийн онцлог нөхцөл байдалд тохируулан цахим орчинд зохион байгуулж байна.

Эерэг бүхний төлөө хайрыг түгээе” аяны хүрээнд гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг дэмжих, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2 жүжиг, 3 видео хичээл, 3 төрлийн зорилтот нэвтрүүлгийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран бэлтгэж иргэдэд  хүргэсэн байна.

Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дарамт, цахим орчны сөрөг нөлөөллийг тодоор харуулсан Ч.Уранчимэгийн зохиол “Хүсэл”, “Бариа” жүжгийг видео хэлбэрт оруулан, хуулийн заалтуудыг тусгаж, иргэдэд түгээжээ.

Иргэдийг гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх, хандлагыг өөрчлөх гэр бүлийн үнэ цэнийг бий болгох зорилгоор “Гэр бүлийн аз жаргал”, “Гэр бүлийн эерэг харилцаа”, “Хүүхдэдээ зөв үлгэрлэе” сэдвээр 3 төрлийн видео хичээл, 3 төрлийн нэвтрүүлгийг бэлтгүүлж, олон нийтэд цацсан байна. “Эерэг бүхний хайрыг түгээе” аяныг зохион байгуулснаар ахуйн хүрээнд үйлдэгдэх гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг аливаа эрсдэлээс хамгаалах эерэг үр дүнтэй гэлээ.

Холбоотой мэдээ