Тусгай онгоцоор ирсэн 6 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-26 13:10:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр өнөөдөр өглөө ирсэн 171 иргэнээс 6 хүнийг ХӨСҮТ-д, бусдыг нь "Альфа", "Амар", Зүчи" зэрэг зочид буудалд тусгаарласан хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэв.


Мөн Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэргээр ОХУ-аас өнөөдөр ирэх 560 гаруй иргэнээ хүлээж авах бэлтгэл ажлыг хангажээ.


Улсын хэмжээнд 20 гаруй тусгаарлах байранд 1119 хүн ажиглалт, хяналт, тандалт судалгаанд хамрагдаж байна. Тэдэнд 87 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм. Гэрийн тусгаарлалтад 878 хүн байгаагаас 790 нь нийслэл Улаанбаатар хотод байна.


Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахаар нийслэл болон орон нутгуудад эмнэлэг бэлдэж байгаа бөгөөд Дорноговь аймгийн Сайншанд сумын 50 ортой амаржих газар, Замын-Үүдийн 100 ортой нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулжээ. Хан-Уул дахь ЭХЭМТ-ийг хүлээж авах бэлтгэл хангаж байна. Мөн 250 ортой Түлэнхийн төв ашиглалтад орвол суурилуулах тоног төхөөрөмжүүд бүрэн байгаа аж.


2019 оны статистик мэдээллээр, эрүүл мэндийн салбарт 54687 хүн ажиллаж байна. Түүнээс 31 900 эмч, мэргэжилтнийг хаана, хэрхэн ажиллуулах талаарх томилгоог хийжээ. Мөн сургалтаар 1815 дадлагажигч эмч бэлтгэжээ. Түүнчлэн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг эмнэлгүүдэд хуваарилан, нөөц бүрдүүлсэн байна.

 

Холбоотой мэдээ