“SpaceX” компани “Crew Dragon” сансрын хөлгөө хөөргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-05-22 13:40:49

ВАШИНГТОН. /Fox News/. АНУ-ын “SpaceX” компани “Crew Dragon” сансрын хөлгөө Флорида муж улс дахь Кеннедигийн нэрэмжит сансар судлалын төвөөс ирэх долоо хоногт хөөргөхөөр төлөвлөж байна.


Хувийн компанид бүтээсэн сансрын хөлгөөр сансрын нисгэгчдийг тойрог зам руу анх удаа илгээх гэж буй нь энэ юм. Мөн АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ Space Shuttle” хөтөлбөр 2011 онд зогссоноос хойш Америкийн сансрын нисгэгчдийг АНУ-д үйлдвэрлэсэн сансрын хөлгөөр улсынхаа нутаг дэвсгэрээс хөөргөсөн анхны тохиолдол энэ болох гэж буйгаараа онцлог ажээ.


Америкийн сансрын нисгэгч Боб Бенкен, Даг Херли нарыг Олон улсын сансрын станцад /ОУСС/ хүргэх “Crew Dragon” нь дөрвөн метр орчим өргөн, найман метр гаруй өндөр бөгөөд долоон хүний багтаамжтай гэж “SpaceX” компани мэдээлсэн байна.


Dragon” сансрын хөлөг сансрын нисгэгчидтэйгээр анх удаа сансрын нислэг үйлдэх гэж буй нь энэ боловч 2012 оноос хойш ийм нислэгийг хөлгийн багийн бүрэлдэхүүнгүйгээр 20 гаруй удаа үйлдсэн гэж “NASA” мэдээлжээ. Мөн уг сансрын хөлгийг ОУСС-д ачаа хүргэх зориулалттайгаар хэдийн ашиглаж эхэлсэн юм. “Crew Dragon”-ыг тээсэн “Falcon 9” пуужинг энэ сарын 27-нд хөөргөхөөр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ