Титэм вирусний улмаас түр мартагдсан 5 чухал асуудал

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-05-19 10:07:57

Хүн төрөлхтөний өмнө тулгарч буй олон чухал асуудлууд коронавирусний цар тахлын дуулианд бүдгэрэн дарагдсаар байна. Гэхдээ эдгээр асуудлыг эрт орой хэзээ нэгэн цагт шийдэхээс өөр аргагүй билээ. 


Цар тахал дэлхийг бүхэлд нь хамарч, хүмүүсийн амь насанд аюул занал учруулж, тахалтай тэмцэхээс гадна нийгмийн амьдралын бүхий л хүрээг хамарсан олон асуудлыг бий болгож байна.


Коронавирусний улмаас зарим асуудлыг хэлэлцэхэд аль хэдийнэ оройтсон бол зарим нь цаг үеийн тулгамдсан шинжтэй хэвээр байна. Зарим нь шийдвэрлэхэд улам бүр хүндрэлтэй болсоор. Олон нийтийн анхаарал тэр аяараа Covid-19-д төвлөрөөд буйг ашиглан зарим улсын засгийн газрууд эртнээс төлөвлөж байсан зорилгоо гүйцэлдүүлэхээр хичээж байна.


Ингээд ойрын долоо хоногууд ба ойрын саруудад ямар нэгэн байдлаар зайлшгүй шийдэх ёстой 5 үндсэн асуудлыг нэгбүрчлэн дурдая. 


Цөмийн зэвсгээр хөөцөлдөх шинэ өрсөлдөөний аюул 


Стратегийн зэвсэглэлийг хорогдуулах тухай Орос-Америкийн гэрээний /New START (Strategic Arms Reduction Treaty/ хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа 2021 оны 2 дугаар сарын эхээр дуусгавар болно. Энэ бол Хүйтэн дайны үеэс уламжлагдан ирсэн, зэвсэглэлд хяналт тавих асуудлаарх хамгийн сүүлчийн том гэрээ юм. Уг гэрээг талуудын тохиролцооны үндсэн дээр дахин сунгах боломжтой боловч үүнийг хийхэд цаг хугацаа бараг алга.

Хэрвээ сунгах тохиролцоонд хүрч чадахгүй аваас хяналт үгүй болж, ил тод байдал алдагдах ба үүний улмаас цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдал дахин сэргэх болно. Нислэгийн явцад маневр хийх чадвартай дуунаас хэт хурдан пуужин гэх мэт шинэ нууц зэвсгүүдийг зохион бүтээх ажил эрчимжих учраас аюул занал улам ч нэмэгдэнэ.


Үүний сацуу шинэ гэрээний төслийг боловсруулах цаг хугацаа ч мөн үлдсэнгүй. Орос улсын зүгээс гэрээг шинэчлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байгаа бөгөөд үүнийг хийх нь хууль эрхзүйн талаас хүндрэлтэй асуудал биш юм. Гэтэл Хятад улс гэрээнд нэгдэхгүй бол АНУ-ыг гэрээнээс гаргана гэж Д.Трампын засаг захиргаа мэдэгдэж байна. Харин Бээжин уг асуудлыг огтхон ч сонирхохгүй байгаа юм. 


Хэрвээ Вашингтон эцсийн мөчид байр сууриа өөрчлөхгүй бол, эсвэл Цагаан ордонд өөр шинэ эзэн ирж суухгүй л бол Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээний механизм нь түүхийн баримт болон үлдэнэ.   


Ираныг тойрсон түгшүүртэй байдал даамжирна


2015 онд байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээ буюу Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнөөс АНУ гарсантай холбоотой дуулиан шуугиан улам эрчээ авах төлөвтэй байна.


Иранд орчин үеийн зарим төрлийн зэвсэг нийлүүлэхийг хориглосон НҮБ-ын шийдвэр хүчинтэй хэвээр байгаа бөгөөд уг хоригийн үйлчлэх хугацаа энэ оны 10 дугаар сарын 18-нд дуусах юм. Харин АНУ хоригийг дахин сунгахыг шаардсаар байгаа бол Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани ийм алхам нь маш ноцтой үр дагаварт хүргэнэ хэмээн мэдэгджээ.

Юуны түрүүнд Орос улс НҮБ-ын шийдвэрт хориг тавих болов уу.  Энэ тохиолдолд Цагаан ордон 2015 оны гэрээний заалтыг биелүүлэхийг Европын холбоотнуудаасаа шаардах болно. Уг заалтад “гэрээг биелүүлэхээс Иран улс татгалзсан тохиолдолд тус улсын эсрэг өргөн хэмжээний эдийн засгийн хориг арга хэмжээг сэргээн хэрэгжүүлнэ” гэж тусгасан байна. 


2018 оны 5 дугаар сард “Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө”-нөөс гарснаасаа хойш АНУ-ын эрх баригчид Тегеранд үзүүлэх дарамт шахалтаа улам чангатгасаар байгаа юм. Үүний хариуд Ираны тал гэрээний олон заалтыг зөрчсөн боловч энэ нь эргэлт буцалтгүйгээр хийсэн алхмууд биш байв.  


Энэ бүгдээс нэлээд хачирхалтай дүр зураг бий болж байна. АНУ өөрөө гэрээнээс гарсан атлаа хориг арга хэмжээгээр айлган сүрдүүлэх замаар уг гэрээг мөрдөхийг Иранаас шаардаж байгаа юм. 


Үүний улмаас Америк-Ираны харилцаа улам муудаж, тэр ч байтугай америкчууд Европын холбоотнуудтайгаа сөргөлдөхөд ч хүрч мэднэ. Одоо үйлчилж буй зэвсэг нийлүүлэхэд тавьсан хориг нь Ираныг Ойрхи Дорнодод явуулж буй бодлогоо өөрчлөхөд хүргэж чадаагүй ба холбоотнуудаа зэвсэглэхэд нь төдийлөн нөлөөлсөнгүй. 


Баруун эргийг өөртөө нэгтгэх Израилийн төлөвлөгөө


Израилийн сонгуулийн марафон дуусч байна. Ерөнхий сайд Б.Нетаньяху хэд хэдэн удаа цохилт амссан боловч сөрөг хүчний гол намуудын нэгэнтэй эрх мэдэл хуваалцах асуудлаар тохиролцоонд хүрч чадсанаар албан тушаалаа хадгалан үлдэж чадлаа.


Өөрийг нь цаашид мөрдөн шалгах аюул байсаар байгаа боловч Нетаньяху үндсэрхэг үзлийн хөтөлбөр боловсруулж, Иордан голын Баруун эргийг Израилийн нутаг дэвсгэрийн нэгэн хэсэг болгохоор төлөвлөж байна. Энэ нь зарим талаар мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой байж магадгүй юм.  


Энэхүү оролдлого нь Палестинд хоёр улс байгуулах тухай Д.Трампын энхийн төлөвлөгөөнд тусгагдсан үзэл санааг үүрд булшлах болно. Энэ төлөвлөгөө бол Израиль болон палестинчуудын хооронд удаан хугацаанд энхийг тогтооход чиглэсэн сулхан боловч цорын ганц итгэл найдвар мөн гэж олон хүн үзэж байна.

Нетаньяхугийн төлөвлөгөөнд палестинчууд маш ихээр эгдүүцэж байгаа бол Европын зарим улсын засгийн газрууд санаа зовнин түгшиж байгаагаа илэрхийлж, зарим нь Израилийн эсрэг хориг арга хэмжээ авна гэж мэдэгдэж байна. Гэсэн хэдий ч АНУ-ын байр суурь л урьдын адил бүхнийг шийдэх болно. Америкчууд Израильд ногоон гэрэл асаагаад өгөх үү эсвэл тэвчээртэй байхыг зөвлөх болов уу?


Сирийн Голаны өндөрлөгийг Израильд нэгтгэхийг америкчууд дэмжихийн зэрэгцээ ЭСЯ-аа Тель-Авиваас Иерусалимд шилжүүлсэн нь Нетаньяхуг зоригжуулсан нь илт байна. 


Одоохондоо Вашингтоны зүгээс хоорондоо зөрчилтэй гэмээр хандлага илэрхийлж байгаа юм. Баруун эргийн зарим хэсгийг Израиль өөртөө хавсарган нэгтгэхийг америкчууд зөвшөөрч магадгүй ба үүний хариуд Палестины улс байгуулах асуудлаар хэлэлцээ хийж эхлэхийг шаардах болов уу гэсэн таамаглал сонсогдох боллоо. 


Үндсэрхэг үзэлт сонгогчдыг өөртөө татахын тулд Нетаньяху Баруун эрэгтэй холбоотой сэдвийг ашигласан бол харин одоо үүнээсээ ухарч магадгүй болжээ. Үүнд нь америкчуудын байр суурь тус болно. Харин Израилийн хэт үндсэрхэг үзэлтнүүд Палестины улсыг ямар ч хэлбэрээр байгуулж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа билээ. 


Брексит - хэлэлцэх ёстой асуудал хэвээр


Брексит гэдэг үгийг олон хүн бараг мартчихсан бололтой. Их Британи, Европын Холбоо хоёр ирээдүйн харилцааны зохицуулах тохиролцоонд хүрэх ёстой шилжилтийн үе 12 дугаар сарын 31-нд дуусна. Гэтэл цагийн зүү урагшилсаар л, цаг хугацаа урссаар л.


Хэлэлцээ эхлэлийн шатандаа явж байсан бол одоо тодорхойгүй байдалд оржээ. Борис Жонсоны засгийн газар хэлэлцээг Шинэ жилийн дараа үргэлжлүүлэх боломжтой эсэх талаар ганц ч үг цухуйлгахгүй байна. 

Коронавирусний цар тахал шинэ нөхцөл байдлыг үүсгэлээ. Эдийн засгийн хямрал бүгдэд заналхийлж, уг хямралаас гарахын тулд олон жилийн хугацаа шаардагдаж магадгүй байна.


Брексит гэдэг сэдвээс британичууд үнэндээ залхжээ.


Ковид-19-тэй холбоотой хямралын эсрэг ЕХ-ны авсан арга хэмжээ нь тус холбоог сайн талаас нь харуулаагүй ба Их Британи ч мөн адил сайны жишээ байж чадахгүй бололтой. Нэгдсэн Вант улс хямралын түгшүүртэй цаг үед, дэлхий даяар найрсаг бус хандлагатай байгаа үед ЕХ-ноос гарч байна. Энэ нь зөвшилцөлд хүрэх гэсэн хоёр талын хүсэл сонирхлыг өдөөх болов уу?


Одоохондоо талууд үг хэлээ ололцоогүй л байна. Хоёр талын хувьд амин чухалд тооцогдох асар их хэмжээний худалдааны бараа эргэлт, эдийн засгийн нягт хэлхээ холбоогоо хадгалах хэрэгтэй, үүний тулд Их Британи улс ЕХ-ны зарим дүрэм журмыг мөрдөж, шударга өрсөлдөөний баталгааг хангах ёстой гэж Брюссель үзэж байгаа юм.  


Үүнд Лондон хариу өгөхдөө “Нэгдсэн Вант улс бүрэн тусгаар тогтносон улс болсон гэдгийг, энэхүү тусгаар байдлаа ямар нэгэн хэлбэрээр золиослох хүсэлгүй байгаа гэдгийг Брюссель одоог хүртэл ойлгохгүй байна” гэжээ.  Үүнээс үүдэн загас агнуур гэх мэх тодорхой чухал асуудлуудаар хийж байсан хэлэлцээ мухардалд орсон байна.


Үүнтэй холбоотойгоор Лондон эдийн засгийн болон дипломат бодлогын олон асуултад хариу өгөх ёстой болж байна. АНУ-тай аль хэр түвшинд хүртэл эв санааны нэгдэлтэй байх вэ? Хятадтай сөргөлдөх замаар аль хэр хол явах вэ?

Өчигдрийнхтэй харьцуулахад өнөөдөр хийх сонголт нь илүү хүнд хариуцлагатай байх болно.


Уур амьсгалын асуудал 


Цар тахалтай хийж буй тэмцэл бол нэг ёсондоо дэлхийн олон нийт аливаа асуудлыг хамтран шийдэж чадах уу гэдгийг сорьж буй хэрэг юм. Уур амьсгалын өөрчлөлт хэмээх дэлхий дахиныг хамарсан хамгийн өргөн хүрээтэй, хамгийн ярвигтай асуудлыг шийдэж чадах уу гэдгийг сорьж байж ч магадгүй.


Олон улсын хамтын ажиллагааны тухайд гэвэл, энэ тал дээр олж авсан туршлага нь маш тодорхой бус, олон талтай байна. Үүний дээр цар тахлын дараа өвлөгдөн үлдэх бэрхшээлүүд нь бүхий л зүйлийг улам л хүндрэлтэй болгоно. 


11 дүгээр сард Глазго хотод болох ёстой байсан уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурал ирэх он хүртэл хойшлогдлоо.

Хүмүүсийн оюун санааны байдал хэрхэн өөрчлөгдөх бол? Хойшлуулшгүй чухал байдлыг өмнө нь мэдэрч байсан шигээ дахин мэдрэх болов уу? Уур амьсгалын асуудалд ойрын хугацаанд ахиц дэвшил гарахад дэлхийн шинэ дэг журам хэрхэн нөлөөлөх бол? Эдгээр асуулт хариу хүлээсээр.  


Б.Адъяахүү

Эх сурвалж: https://www.bbc.com/russian/features-52663807

 

 

 

Холбоотой мэдээ