Гадаадаас 10 иргэн коронавируст халдварын талаар зөвлөгөө авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-12 13:03:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар COVID-19халдвар дэлхийн 215 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна.

Тус өвчнөөр 4.2 сая хүн өвчилж, 286 мянган хүн нас барсан бол 1.5 сая хүн эдгэрчээ. Харин  2.4 сая хүн энэ өвчний улмаас эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 72 мянган хүн коронавирусээр халдварлаж, 3000 гаруй хүн нас баржээ. 

Манай улсын хувьд  коронавирусний батлагдсан 42 тохиолдол бүртгэгдсэнээс 15 хүн эдгэрч, ХӨСҮТ-д 27 хүн эмчлүүлж байна.

ЗӨСҮТ-ийн баг өчигдөр Гуаньжу-Улаанбаатар, Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн  ачааны хоёр онгоц болон  таван тонн ачааг бүрэн халдваргүйтгэжээ.

Коронавирусний халдварын талаарх зөвлөгөө мэдээлэл өгдөг шуурхай 119 дугаарын утсанд өнгөрсөн 24 цагийн дотор нийт 241 дуудлага иржээ. Түүнчлэн "Шуурхай 119" аппликэйшнээр дамжуулан АНУ, Франц, ОХУ, БНСУ, Турк, Энэтхэгээс манай улсын 10 иргэн коронавируст халдварын эмнэл зүйн шинж тэмдгийн талаарх зөвлөгөө мэдээлэл авсан  хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр дурдав.

Мөн тэрбээр иргэд анхаарлаа сулруулахгүй, гараа савандаж угаах, олон нийтийн газраар аль болох явахгүй байх, амны хаалт тогтмол зүүх шаардлагатайг санууллаа.

Холбоотой мэдээ