Мөнгөн тоногтой модон халбага

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-11 15:20:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн орон нутаг судлах Музейн үнэт үзмэрүүдийн нэг нь мөнгөн тоногтой халбага юм.

Энэхүү халбага нь Музейн Угсаатан зүйн танхимын үзэсгэлэнд байдаг. Он цагийн хувьд ХХ зууны дунд үед хамаарна.

Халбагын нийт урт нь 54 см, бариулын урт 46 см, амсрын диаметр 15 см, жин  315 гр. 1960 онд тус аймгийн Улаанхус сумын иргэн Сансызбай хэмээх хүн Музейд худалдан өгсөн аж.

Халбагыг яргай модоор хийжээ. Толгойн хэсгийг салаа хийцээр урласан байна. Хүзүү болон бариулын хэсгүүдэд маш нарийн уран хийцтэй 24 ширхэг мөнгөн тоног суулгажээ.

Казахын ард түмэн модон халбагыг хэрэглээндээ тохируулж янз бүрээр хийж ирсэн. Хийц загварын хувьд нэг иштэй /бариултай/ боловч толгойн хэсэг нь нэг ба хос толгойтой байдаг. Харин баян чинээлэг айлууд халбаганы бариулыг нь мөнгөөр тоноглон гоёж, шар шувууны өд зүүдэг байжээ.


Холбоотой мэдээ