Д.Нямхүү: 397 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-10 11:33:50
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу энэ сарын 9-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 397 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүйг ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тэмдэглэлээ.


Тодруулбал, тандалтын зорилгоор Гуравдугаар төв эмнэлэг, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 5 сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 49, ажиглах байруудад тусгаарлагдсан 282, Өмнөговь аймагт тусгаарлагдсан 7, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 18 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй байна. Үүнд 4 сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн иргэдийн давтан шинжилгээ багтжээ. Түүнчлэн Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн 36 ачаа тээврийн жолоочид хийсэн шинжилгээгээр халдвар илрээгүй байна. 


Манай улсад "Covid-19" халдварын гаднаас зөөвөрлөгдсөн 42 тохиолдол бүртгэгдэж 14 хүн бүрэн эдгэрээд байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 991 хүн, үүнээс ХӨСҮТ-д 107 хүн тусгаарлалтад байгаа бөгөөд тэдгээрт нэг их эмч, 25 резидент эмч тусламж үзүүлж байгаа юм. 


ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Орон нутгийн 11 чиглэлийн галт тэргэнд ТЗНЭ-ийн 11 эмч ажиллаж 371 ажилтан, 4350 зорчигчид эрүүл мэндийн тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд 156 дуудлага ирсэн. Холбогдсон хүмүүс коронавируст халдварын үед барих дэглэм, зөвлөгөө мэдээлэл авлаа. Гадаадад байгаа иргэдэд зориулсан үнэ төлбөргүй 119 аппликейшинд 26 дуудлага ирснээс АНУ-аас 3, Шведээс 4, ОХУ-аас 2, Австралиас 3, Япон улсаас 1 монгол иргэн холбогдож "Covid-19"-ийн шинж тэмдэг, эмнэл зүйн талаар зөвлөгөө мэдээлэл авлаа" гэв.


 

Холбоотой мэдээ