Монголын улс төр өнгөрч буй долоо хоногт

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2020-05-09 21:20:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.



Ерөнхийлөгч Х.Баттулга УОК болон СЕХ-ны гишүүдтэй уулзав


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын онцгой комисс (УОК) болон Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны гишүүдтэй өчигдөр буюу энэ сарын 4-нд уулзав.



"COVID-19"-ийн гадаадад байгаа монгол иргэдийн нөхцөл улам хүндэрч, амьжиргаа нь тасалдахад хүрсэн тул хүсэлт гаргасан иргэдийг эх оронд нь авчрах ёстой хэмээн үзэж буйгаа Ерөнхийлөгч Х.Баттулга хэллээ. Тухайлбал, Энэтхэг улсад байгаа монгол иргэд коронавирусний халдвар авах өндөр эрсдэлтэй байгаа бөгөөд хүнсний хомсдолд орж байгаа юм. Тиймээс “МИАТ”  компани тус улс руу нислэг үйлдэх боломжгүй тул Энэтхэгийн компаниар нислэг хийлгэх боломжийг судалж, шийдвэрлэх чиглэлийг УОК-ын дарга Ө.Энхтүвшинд өглөө. Мөн уулзалтаар төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинд тохирсон орон сууцны зээлийн бодлого гаргах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, түүний хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхиийлөгч Х.Баттулга цар тахалтай холбогдуулан боловсруулж, баталсан нэг удаагийн хуульд хүргүүлсэн саналдаа энэ асуудлыг тусгасан бөгөөд хэрэгжилтийг түргэн шуурхай хангахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болгов.


СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Гэсэн ч намууд нэр дэвшигчээ тодруулах, сонгуулийн сурталчилгаа эхлэх, санал өгөх өдөр гэсэн томоохон бөөгнөрөл, цугларалтыг цар тахлын үед хэрхэн зохион байгуулах талаар тодорхой дүрэм, журам гаргаагүй байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын сонгуулийн үед дагаж мөрдөх журмыг нарийвчлан гаргаж, эрсдэлтэй үйлдэл хийсэн иргэн, албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох санал хэллээ. Түүнчлэн цар тахлын үед зохион байгуулах гэж буй УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчид нийлээд 474 гаруй тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо байгааг анхааралдаа авч, хямралын нөхцөлд үр ашиггүй зардал гаргахаас зайлсхийх хэрэгтэйг онцоллоо.


Мэргэжлийн буюу богино хугацааны сургалтын төвүүдийг үе шаттай нээлээ


Засгийн газрын энэ сарын 6-ны ээлжит хуралдаанаар мэргэжлийн буюу богино хугацааны сургалт явуулж буй төвүүдийг үе шаттай нээх тогтоолыг баталжээ. Нийт 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу нээнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлсэн юм.



Ташрамд дурдахад, УОК энэ сарын 4-нд хуралдаж, уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд биеийн халуун үздэг байх, амны хаалт зүүх, аль болох цахим сургалт хийх, ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах, нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх, анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах шаардлага хангасан сургалтын төвүүдийг нээх саналаа Засгийн газарт хүргүүлсэн юм.


Төгсөх ангийн сурагчдад танхимын давтлага өгнө  


Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад танхимын давтлага өгөхийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгажээ. Тодруулбал, энэ онд улсын хэмжээнд 30 мянга орчим сурагч төгсөнө. Нэг сургуульд 40-50 хүүхэд, нэг ангид 10 хүүхдэд давтлага өгнө гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. Ингэснээр төгсөх ангийн сурагчид ЭЕШ-даа бэлдэх боломжтой болох юм.


Хүүхдийн мөнгийг аравдугаар сарын 1 хүртэл 100 мянган төгрөг болгов


Түүнчлэн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн эмзэгт бүлэгт санхүүгийн дэмжлэг үзүүлэх хоёр тогтоолыг баталжээ. Тодруулбал, Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед төсвийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай, Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн нийгмийн хамгааллыг сайжруулах II багц арга хэмжээний тухай тогтоол баталснаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХНХ-ын сайд С.Чинзориг, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нар хэвлэлийнхэнд танилцууллаа.



Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “18 хүртэлх насны хүүхэд бүрт энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл сар бүр хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон олгоно. Дөрөвдүгээр сард хүүхдийн мөнгөнд 30 мянган төгрөг олгосон. Үлдсэн 70 мянган төгрөгийг ойрын хугацаанд нөхөж олгох юм. Үүнд нийт 547 тэрбум төгрөг зарцуулна. 2016 оноос хойш улсын төсвийг сайжруулахаар хичээж, хэдэн төгрөг хуримтлуулснаа зарцуулж байна. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай бага орлоготой насанд хүрсэн 122.3 мянган хүн бий. Дэмжлэг шаардлагатай хүн бүрт сард 16 мянган төгрөг өгдөг байсныг энэ оны тавдугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл 32 мянган төгрөг болгож байгаа. Энэ хугацаанд 118 мянган хүүхдэд олгодог 8 мянган төгрөгийг 16 мянга болгоно. Мөн хугацаанд нэг сард 188 мянган төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг 3600 ахмад, хөгжлийн бэрхшээлтэй 42.5 мянган иргэн, 116 одой иргэн, тэжээгчээ алдсан 16.5 мянган хүүхэд, өрх толгойлсон эцэг эхэд 100 мянган төгрөг олгоно. Үүнд 31.3 тэрбум төгрөг зарцуулна” гэлээ.


Малчин өрхүүдэд ноолуурын урамшуулал болгож тушаасан ноолуурын 1 кг тутамд нь 20 мянган төгрөг олгох болжээ.


Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа


Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага буюу БХЯ, ЗХЖШ, ТЕГ зэрэг байгууллагын удирдлагуудтай энэ сарын 6-нд уулзлаа. Уулзалтаар үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2019 онд хамтран хэрэгжүүлсэн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, мөн 2020 оны төлөвлөгөөний талаар ярилцлаа.



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж байгаагийн үр дүнд дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварыг одоогийн түвшинд барьж байгааг онцоллоо. Цаашдаа цар тахлаас үүдсэн хямралын сөрөг үр нөлөөг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болгов.


Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг Элчин сайдаар томилох саналыг дэмжлээ


УИХ-ын чуулганы энэ сарын 7-ны хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөж, дэмжлээ.



Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, түүний оронд Түвшингийн Бадралыг, БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, Намсрайн Эрдэнэтуяаг тус тус томилох саналаа УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Элчин сайдад нэр дэвшигчдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.


Элчин сайдад нэр дэвшигч Т.Бадрал нь 1984-1988 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуулийг, 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр, 1998-2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Бизнесийн уирдлагын магистр зэрэгтэй. Тэрбээр 1994 оноос Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Гадаад худалдааны хэлтэс, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, Голден Форчук ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2004 оноос Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,  2005 оноос Онцгой байдлын ерөнхий газарт хэлтэс, газрын дарга, дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, хошууч генерал цолтой.


Харин нэр дэвшигч Н.Эрдэнэтуяа нь 1993 онд БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, 2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн, солонгос судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй, Шадар дипломат цолтой. 1993 оноос Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн, 1996 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, Азийн газарт гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, яамны Олон талт хамтын ажилллагааны газар, Ази, Номхон далайн орнуудын газарт хэлтсийн даргаар ажиллажээ. Тэрбээр 2018 оноос Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөх, Хэргийг хамаарагчаар ажиллаж байгаа аж.


Саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, шийдвэрээ Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлэхээр тогтов.


Монголбанкны тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгчийг томиллоо


УИХ-ын чуулганы энэ сарын 7-ны хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг, дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томиллоо.


Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан О.Эрдэмбилэг өөр ажилд шилжих болсон тул үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өгчээ. Тиймээс Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томилох санал ирүүлсэн байна.



Г.Дөлгөөн нь 2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсч, 2015 онд Люксембургийн их сургуульд Банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ.  Тэрбээр 2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер, 2008-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч, 2014-2015 онд Люксембург Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын  ахлах хянан шалгагчаар ажиллаж байжээ. Мөн 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.



Г.Энхтайван нь 2007 онд АНУ-ын Арканзасын их сургуульд Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг хамгаалжээ. Улмаар 2013 онд Их Британийн Оксфордын их сургуульд Бизнесийн удирдлагын магистр, Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуульд Эрх зүйн магистрын зэрэг  хамгаалсан байна. Тэрээр 2007-2011 онд Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хянан шалгагч, 2011-2012 онд Гадаад харилцааны яаманд сайдын туслах, Эдийн засаг, хамтын ажиллагаа, гадаад хуралдааны газарт атташе, 2013-2015 онд “Америк банк”-д дадлагажигч/шинжээч, 2015-2018 онд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2018 оноос “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.


Ноён уулыг дархан цаазат ангиллаар улсын тусгай хамгаалалтад авлаа


УИХ-ын чуулганы энэ сарын 7-ны хуралдаанаар, Ноён уул орчмын газрыг дархан цаазат ангиллаар тусгай хамгаалалтад авахаар тусгасан  "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. 



Тогтоолд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.


Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгалууд, ойн сан бүхий газрын 0.11 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 10483 га-аар нэмэгдлээ.


У.Хүрэлсүх: Бид халдварт өвчний аюул заналд амьдарч байгаагаа мартаж болохгүй


"COVID-19"-ийн халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" дадлага сургууль энэ сарын 6-8-нд болов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 7-нд ОБЕГ-т УОК-ын шуурхай штабт ажиллаж, Буянт-Ухаа спорт цогцолборт байрлуулсан "Яармаг-300" болон Эх хүүхдийн нэгдсэн эмнэлэг, ОБЕГ-ын харьяа байгуулсан хээрийн эмнэлгийн бэлэн байдалтай тус тус танилцлаа.


Энэ үеэр сэтгүүлчдэд яриа өгөхдөө, "Улс оронд аюулт өвчний цар тахал нүүрлэлээ гэхэд хариу арга хэмжээ авч чадах нөхцөл боломж бүрдэж чадсан нь өнөөдрийн дадлага сургуулилалтаас харагдаж байна" гэдгийг онцоллоо. 



Тэрээр, “Улсын хэмжээнд цар тахал өвчин дэгдлээ гэхэд хяналтандаа авч, яаралтай тусламж үзүүлэх, өвчтөнүүдээ хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрэн хангаж, бэлтгэлийг базаасныг харлаа. Энэ тохиолдолд мэргэжлийн байгууллагууд хэрхэн уялдаа холбоотойгоор харилцан ажиллах гэдэг нь чухал юм. Үүнийг мэддэг болсон байна. Цаашид ч энэ бэлэн байдлыг тогтмол шалгаж байх ёстой. Иймээс иргэд, олон нийт өндөржүүлсэн бэлэн байдалд байж, гэр бүл, үр хүүхэд болон бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд өөрсдөө аливаад ухамсартай хандах хэрэгтэй. 


Төр засаг, ард иргэдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд коронавирусний халдвараас бид хамгаалсаар ирлээ. Улс оронд аюул нүүрлэлээ гэхэд хариу арга хэмжээ авч чадах нөхцөл боломж бүрджээ” гэв. 


"Бид "COVID-19"-ийн эсрэг вакцин гартал өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сахихаас өөр аргагүй. Учир нь энэ өвчний тархалт буурахгүй, өнөөг хүртэл нөхцөл байдал сайжрахгүй байна. Ард иргэд аюул заналд амьдарч байгаагаа мартаж болохгүй. Хариуцлага, сахилга баттай байх ёстой. Алба хаагчид маань цагийн байдлаа зөв үнэлж, дадлага сургуулилтаа сайтар хийсэн байна. 


Онцгой байдлын алба хаагчид олон жилийн дадлага туршлагатай, бэлтгэгдсэн офицерүүд байдгийг би мэднэ. Тиймээс та бүхнийхээ ур, чадвар, ажлын зохион байгуулалтад бүрэн итгэж найдаж байна. Халдварын тархалтыг үндэсний хэмжээнд гаргахгүй байх, ард иргэдийн аюулгүй амьдрах, ажиллах, сурах орчин, нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид өмнөх саруудынхаас илүүтэйгээр халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах бэлтгэл, бэлэн байдлаа бэхжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.


Иргэд, холбогдох төрийн байгууллагуудын оролцоотойгоор энэ удаагийн дадлага сургуулийг зохион байгуулснаар бид эрсдэлт нөхцөл байдал бий болсон тохиолдолд хэрхэн ажиллах арга барилаа зүгшрүүлэх, нөөц боломжоо тодорхойлох, тулгамдаж буй асуудлаа бодитойгоор ойлгож, шийдвэрлэж цэгцлэхэд чиглэсэн арга хэмжээг нэн шуурхай авч ажиллах болно.


Манай Улс онцгой байдлын дэглэгийг баттай сахиж байгаагийн дүнд халдварын хамгийн цөөн тохиолдолтой, нэг ч хүнээ аюулт өвчинд алдалгүйгээр, гадаадын 3 иргэн, Монгол 10 иргэнээ эдгээж өнөөдрийн нүүрийг үзэж байна. Ийнхүү эх орноо халдварын аюулаас хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаа төрийн бүх албан хаагч нартаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, Та бүгдийн баатарлаг үйлсэд Монгол хүн бүр мэхийн ёсолж байгаад нэгдэж байна" гэсэн юм.


“Хувьсгалт Монгол” бичигтэй танк цэргийн жагсаалд оролцоно


Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгутай 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Аугаа Их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг тохиолдуулан цахим уулзалт зохион байгууллаа.



Уулзалтаар сайд нар хоёр орны ард түмэнд ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг харилцан хүргэв. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу ялалтыг авчирсан ачтан хэн бүхний гавьяаг мөнхөд дурсах өдөр, энэхүү ялалтыг авчрахад Монголын ард түмний оруулсан үнэтэй хувь нэмрийг хэзээ ч мартахгүйг онцолж баярын мэнд дэвшүүллээ. Ялалтын 75 жилийн ойн ёслолын жагсаал цар тахлын улмаас хойшлогдсон ч гэсэн бид энэхүү баяраа ёслол төгөлдөр тэмдэглэх болно, “Хувьсгалт Монгол” гэсэн бичвэртэй танк цэргийн жагсаалд оролцоно гэдгийг дуулгав. Мөн Улаан талбайд болох цэргийн жагсаалд Монгол Улсын цэргийн алба хаагчид оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлж Н.Энхболд сайдыг өөрийн биеэр ирж оролцохыг дахин урилаа.


Түүнчлэн сайд нар хоёр орны цэргийн, цэрэг техникийн хамтын ажиллагаа, 2019-2020 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар харилцан санал солилцож, цар тахлын улмаас гарсан өөрчлөлтөд уялдуулж төлөвлөгөөг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.


БНЭУ-аас тусгай нислэгээр иргэдээ татан авна


Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг энэ сарын 8-нд хүлээн авч уулзан тус улсаас тусгай нислэгээр иргэдээ татан авах асуудлаар санал солилцсон тухай Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.  Улсын Онцгой комиссоос БНЭУ-д суугаа иргэдээ нэг удаагийн тусгай нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргасан юм. Өнөөдрийн байдлаар, БНЭУ-аас эх орондоо ирэхээр 480 орчим иргэн хүсэлтээ гаргасан байна. Эдгээр иргэдийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусад шалтгаантай иргэд юм байна.



Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Бид болж өгвөл хамгийн том суудлын багтаамжтай онгоцоор нислэг үйлдэхийг судалж байна. Бидэнд тулгарч байгаа бэрхшээл нь Энэтхэг улсын өнцөг булан бүрт, олон хотод манай улсын иргэд тархан байршсан байна. Тиймээс аль хэсэгт хамгийн ихээр хүн олноор төвлөрсөн байна, аль хот руу нислэг үйлдэх вэ зэрэг судалгаан дээр манай Улсын Онцгой комиссын Шуурхай Штаб, Гадаад харилцааны яам, Элчин сайдын яам ажиллаж байна. Энэ амралтын өдрүүдээр ирэх долоо хоногт тусгай нислэгийн хугацааг товлон тодорхой болгох үүргийг Улсын Онцгой комиссын Шуурхай штабт өгсөн. Түүнчлэн нислэгээр ирэх бүх иргэнийг шинжилгээнд хамруулах боломж нөхцөлийг ноён Элчин сайд та анхааралдаа авахыг хүсье” хэмээлээ.


Элчин Сайд М.П.Сингх “COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэхэд Монгол Улс үнэхээр сайн ажиллаж байгааг ДЭМБ-ын мэдээллээс хараад баяртай байна. Энэ бол таны удирдлага болон танай хамт олны ач тус юм. Манай улс 41 хоногийн турш нэг тэрбум 300 хүнийг тусгаарласан. Бид Монгол Улс иргэнээ татан авах асуудлыг бүрэн дэмжиж байна” гэлээ.


Ташрамд дурдахад, БНЭУ-аас манай улсад 200 гаруй энэтхэг иргэн ажиллаж амьдарч буйг Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө


Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Бригадын генерал Сайннямбуугийн Баатаржав, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Барсүрэнгийн Баасандорж нар энэ сарын 8-нд СЕХ-ны гишүүний тангараг өргөлөө.



Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу тангараг өргөх ёслолыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо зохион байгуулсан юм. Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, СЕХ-ны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурлаа.


Тангараг өргөсөн гишүүдэд СЕХ-ны гишүүний үнэмлэхийг нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт гардуулж, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.


Тэрбээр, “СЕХ нь Үндсэн хуулиар баталгаажуулсан “Иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох” эрхийг гардан хэрэгжүүлэгч юм. Тиймээс СЕХ-ны үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж, хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэж байна” гэлээ. 


Ташрамд дурдахад, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 30-ны хуралдаанаар СЕХ-ны гишүүнээр томилсон юм.

Холбоотой мэдээ