С.В.Чепурной: Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаагаараа бахархдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
delgermaa@yahoo.com
2020-05-06 17:28:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурнойтой ярилцлаа. 


- Та 2014 оны 5-р сард Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон. Түүнээс хойш 6 жил өнгөрлөө. Монголд анх ирээд ямар сэтгэгдэл төрж байв. Энэ хугацаанд хийсэн ажлынхаа талаар ярина уу?

 

-Би 2014 оны 5-р сарын 2-ны өдөр томилогдсон боловч манай Элчин сайдын яам нээгдсэний дараа буюу долдугаар сард Монгол Улсад ирсэн. Өмнө нь нэг ч удаа ирж байгаагүй ч, миний хувьд танай улсыг огт мэддэггүй байгаагүй.  Аав, ээж хоёр маань залуухан барилгын инженер байхдаа  буюу одоогоос 50 жилийн өмнө Чойбалсан хотод ажиллаж байсан.

 

Эцэг эх маань Монголд байсан үе,  хийж байсан ажил, найзуудынхаа талаар дурсан ярьдаг байсан тул «Монгол» гэдэг үгийг би багадаа олонтаа сонсож байлаа. Монголын үзэсгэлэнт унаган байгаль, өргөн уудам тал нутаг, эрс тэс уур амьсгал, сайхан сэтгэлтэй зочломтгой ард түмний талаар аав ээжийнхээ ярианаас мэдэж авсан. Иймд Монголын талаар дурдах болгонд  сэтгэлд маань нэг л ойрхон санагддаг.

 

Тиймээс аав ээжийнхээ замаар явж, Монголд ажиллаад зогсохгүй, хоёр орны харилцааг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа ихэд бэлгэшээдэг. Монголын гүн хөх тэнгэрийг өөрийн нүдээр үзэж, уудам тал нутгийг мэдэрсэн төдийгүй танай ард түмний уужим сэтгэл, өвөрмөц соёл, уламжлалтай танилцаж, мэдсэндээ баяртай байна.  

 

Монголд ажилласан зургаан жил маш хурдан өнгөрсөн. Энэ он жилүүдэд сонирхолтой, чухал үйл явдлууд тохиож, олон гайхалтай хүмүүстэй танилцсан гээд сонин сайхан явдлуудаар дүүрэн байсан. ЭСЯ нь  манай хоёр улсын худалдаа эдийн засгийг цаашид хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг бэхжүүлэх, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэг зэрэг харилцан сонирхол татахуйц хамтын ажиллагааны бусад чиглэлүүдээрх харилцааг  сэргээхэд гол анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг.

 

Өнөөгийн Беларусь нь экспорт руу чиглэсэн эдийн засагтай,  эрчимтэй хөгжиж буй IT-салбартай, аж үйлдвэр, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн улс. Эдийн засгийн онцлог, газарзүйн байрлал, түүхэн харилцаа холбоо,  нээлттэй, гадаад зах зээл руу чиглэсэн байдал зэрэг нь манай улсыг тодорхойлж өгнө. Беларусь улс нь 170 гаруй улс оронтой худалдааны харилцаатай, дэлхийд үйлдвэрлэж буй карьерын самосвалуудын гуравны нэг, хөдөө аж ахуйн комбайнуудын бараг тавны нэг, тракторын зургаан хувийг үйлдвэрлэдэг бөгөөд сүүн бүтээгдэхүүн экспортлолоороо дэлхийд эхний тавд ордог.   Нэг хүнд ноогдох IТ үйлчилгээний экспортоор   ТУХН-ийн бүх орнуудын дунд тэргүүлдэг.   

 

Манайд үйлдвэрлэдэг «БЕЛАЗ» самосвал, «МАЗ» ачааны машин, «Беларус» трактор, «Атлант» (өмнө  – «Минск» гэдэг байсан) хөргөгч зэрэг бренд болсон бүтээгдэхүүнүүдийг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан үеэс Монголд сайн мэддэг болсон. Эдгээр бүтээгдэхүүн одоо ч гэсэн нэлээд эрэлт хэрэгцээтэй бөгөөд танайд нийлүүлэгддэг.

 

Бид танай зах зээлд нийлүүлж буй Беларусийн бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлж чадсан. Улаанбаатарын замаар «МАЗ» автобуснууд явж, тариалангийн тайлбайд  «Гомсельмаш» комбайнууд ажиллаж, эмийн сангууд, худалдааны төвүүдэд Беларусьт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд худалддаг. Беларусиас нийлүүлдэг  хуурай сүүг Монголд хүнсний үйлдвэрлэлд ашигладаг. Танай зах зээл дээр саяхнаас танил болоод буй нийтийн аж ахуйн техник төхөөрөмж, вагон, цахилгаан шат, цахилгаан трансформатор, синтетик утас болон бусад  бүтээгдэхүүнүүд  ч сонирхол татсаар байгаа.

 

Манай ЭСЯ нээгдсэнээс хойш худалдаа-эдийн засгийн хамтарсан комиссын дөрвөн удаагийн хуралдааныг зохион байгуулсан. Уг комисс нь тохиролцсон асуудлуудын хэрэгжилтийг хянаж хоёр талын харилцааны нэн чухал асуудлуудыг шуурхай шийдвэрлэх үр ашигтай механизм  бий болгосон гэж үздэг. Хамтын ажиллагаа зөвхөн худалдааны салбарт идэвхжсэн төдийгүй, Монгол  хөгжиж байгаа улс болохоор, олборолтоос гадна үйлдвэрлэл, дахин боловсруулалт зэрэг эдийн засгийн салбаруудаа хөгжүүлэх сонирхолтой. 

 

Манай хоёр улс хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, боловсруулах салбаруудын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой. Монгол түншүүд маань  манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарын бодит туршлага, технологийг сонирхож байна. Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хариуцсан ажлын хэсгийг байгуулж, хоёр ч удаагийн  хуралдааныг зохион байгуулсан.

 

Тээвэр-ложистикийн салбар дахь хамтын ажиллагаа хөгжиж байгаа. Беларусь, Монгол хоёр  далайд гарцгүй улс боловч дамжин өнгөрөөх томоохон нөөц бололцоотой. Брест-Улаанбаатар чиглэлээр «Монголын вектор» чингэлгийн цувааг бүрдүүлэх хамтарсан төслийг 18 жил хэрэгжүүлж сүүлийн жилүүдэд Хятад-Европ гэсэн чиглэлээр  төсөл хэрэгжүүлж байна. Олон улсын машины тээврийн харилцаа  идэвхжиж, Беларусь, Монголд  харилцан олгож буй зөвшөөрлүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.  Олон улсын ачаа тээврийн хоёр талын комиссыг байгуулж, анхны хурлаа хийсэн.

 

Беларусь нь шинжлэх ухааны томоохон нөөц бололцоотой, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагууд хөгжингүй тогтолцоотой бөгөөд өндөр технологийн салбарт  нэлээд туршлага хуримтлуулсан. Төрийн байгууллагууд болон Беларусь, Монголын ШУА-ийн шугамаар шинжлэх ухаан-техникийн салбарын хамтын ажиллагаа идэвхжсэн байгаа. Шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг хариуцсан  комисс байгуулж, хоёр удаа хуралдсан. Хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, шинжлэх ухааны хэд хэдэн хамтарсан төслийг хэрэгжүүлж байна.

 

Беларусь улсад 50 гаруй их, дээд сургуулиуд бий. Оюутан, хүн амын харьцааны үзүүлэлтээрэ  Европт нэлээд дээгүүрт ордог. ЗХУ-ын үед Монголын оюутнууд Беларусын их, дээд сургуулиудад суралцаж байсан. Тэдгээрийн дийлэнх нь төр ба нийгмийн салбарт одоо ч хариуцлагатай алба хашиж байна.  Амжилттай бизнес эрхэлж буй хүмүүс ч цөөнгүй.   Олон жилийн дараа боловсролын салбарын хамтын ажиллагаагаа сэргээсэн. Одоогийн байдлаар Беларусьт 10 монгол оюутан үнэ төлбөргүйгээр сурч байгаагаас 5-ыг нь өнгөрсөн жилээс гадаад оюутнуудад олгодог тэтгэлэгт хамруулсан. Үүнээс гадна, мэргэжил-техникийн боловсрол эзэмших хүрээнд Монгол Улсын 15 иргэн Жодино хот дахь Улсын политехникийн колллежид  «БЕЛАЗ» ходдингийн Монгол дахь дилер болох «Юнайтед БЕЛАЗ Машинери» компанийн зардлаар суралцаж байна.

 

Спортын салбарын хамтын ажиллагаа ч эрчимжсэн. Монголын бөхчүүд 2018 оноос эхлэн Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит,  жил бүр зохиогддог Олон улсын самбогийн тэмцээнд оролцох болсон бөгөөд байнга шагналт байранд ордог. Хамгийн сүүлд  2019 оны 7-р сард болсон тэмцээнд оролцсон. 

 

-Өнгөрсөн жил манай хоёр улсын хамтын ажиллагаатай холбоотой олон чухал үйл явдал тохиосон. 2019 онд хийсэн ажлын үр дүнгийн талаар манай уншигчдад сонирхуулаач?

 

-Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газар хоорондын комиссын тавдугаар хуралдаан Улаанбаатарт болж, Беларусь Монголын  2019-2021 онд хамтран ажиллах "Газрын зураг" -т гарын үсэг зурж, түүндээ улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбаруудын хамтын ажиллагааг  цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, тээвэр, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар тусгасан.

 

Монгол Улстай хийх худалдаанд Беларусь Улсын Хөгжлийн банкны хөнгөлөлттэй экспортын зээлийн механизмыг ашиглахаар болж, уг асуудлаар Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр байгуулж, хүчин төгөлдөр болсон. Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх техник хэрэгслийг шинэчлэх төсөл хэрэгжүүлэх ажлыг аль хэдийн эхлүүлсэн. Хөнгөлөлттэй зээлийг зөвхөн бараа бүтээгдэхүүн худалдан авахад төдийгүй хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Беларусийн талаас Монголд ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлэх  чиглэлээр ашиглаж болно.

 

Улаанбаатарт болсон "Улаанбаатарын түншлэл 2019" олон улсын үзэсгэлэнд манайх оролцож, Беларусь Монголын бизнес форумыг 2 удаа зохион байгуулж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар бизнесийн төлөөлөгчид уулзалт, хэлэлцээр хийж, ажил хэргийн шууд харилцаа  тогтоосон.

 

Монгол Улсад анхны сүүний кластер бий болгох хамтарсан төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа. Уг асуудлаар хэд хэдэн удаа хэлэлцээ хийж, мэргэжилтнүүд харилцан айлчилж, Беларусь, Монгол улсын хөдөө аж ахуйн холбогдох газруудад тус тусдаа болон  хамтарсан ажлын хэсгүүд байгуулсан.

 

Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах хоёр улсын комиссын хоёр дахь хуралдаан Минск хотод болсныг дурдмаар байна. Энэ үеэр  2020-2021 онд  шинжлэх ухаан, техникийн тэргүүлэх чиглэлүүдээр  хамтарсан төслийн ээлжит уралдааныг зарласан юм.

 

Улаанбаатарт болсон соёлын хамтын ажиллагааны хүрээнд Беларусь улсыг нацистын түрэмгийлэгчдээс чөлөөлсөний 75 жилийн ойд зориулан Беларусийн киноны долоо хоногийг анх удаа зохион байгууллаа. Мөн Беларусийн нэрт зохиолч Янка Купалагийн сонетуудын эмхтгэл,  сэтгүүлч А.Шербаковын "Даль жигүүртнүүдэд тэнгэрийг даатга!" Халх-Голын  тулалдаанд онцгой гавьяа байгуулсан ЗХУ-ын анхны хошой  баатар, нисгэгч С.И.Грицевецын туулсан амьдралын тухай номыг Монголд анх удаа хэвлүүлж уншигчдийн хүртээл болгосон. Уг хоёр номыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Б. Галаарид орчуулсан.

        

Улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэхийн тулд Минск хотноо Беларусь, Монголын Гадаад хэргийн яамдуудын дэд сайд нарын  зөвлөлдөх уулзалт болсон. Олон улсын байгууллагуудын хүрээнд улс төр, худалдаа, эдийн засгийн салбарт,   хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлвийг судалж, ойрын ба ирээдүйн хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойллоо.

 

Дээр дурдсан бүхэн  хамтын ажиллагаагаа өргөжүүлэх  харилцан сонирхол байгааг харуулж байгаагаас гадна Беларусь нь Монголын найдвартай түнш мөн бөгөөд цаашид хамтын ажиллагаа тасралтгүй хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байх боломжийг бидэнд олгож байна.

 

-Хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд энэ онд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

 

-2020 оны 1-р сард Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Беларусь улсад айлчилсан. Тэрбээр Беларусийн салбаруудын сайд нар,  тээвэр ложистикийн байгууллагын дарга нартай уулзаж, хэлэлцээ хийсэн. Тээврийн болон олон улсын ачаа тээврийн чиглэлээрх хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлвийг хэлэлцэж,  хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ жилдээ багтааж олон улсын авто тээврийн  харилцааны асуудлаар хоёр талын комиссын 2-р хуралдааныг Минск хотод хийхээр төлөвлөсөн.

 

Энэ жил Минск хотод худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг хийхээр төлөвлөж байна. Худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөв, хамтарсан  төслүүдийн зармыг нь хэрэгжүүлэх талаар ярилцана.

 

Монголын уул уурхайн компаниудад “БЕЛАЗ”-ийн уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлж, экспортын зээл олгох ерөнхий хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах болно.  Монгол Улсын холбогдох газруудтай тодорхой төслүүдийг хамтран боловсруулж байна. Танайд сүүний кластерыг бий болгох хамтарсан төслийн практик хэрэгжилтийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хоёр талын Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болно.

Боловсролын салбарт Монгол Улсын иргэдэд сургалтын тэтгэлэг олгох квотыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна ( техникийн мэргэжилтэн бэлтгэхэд онцлон анхаарна).

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг Беларусь улсад айлчлуулахаар ажиллаж байна. Энэ айлчлалыг   өндөр түвшинд хийх нь хоёр орны харилцааны хөгжилд түлхэц үзүүлнэ гэдэгт  итгэлтэй байна.

 

Мэдээжийн хэрэг, бид Бүгд Найрамдах Беларусь Улсад Монголын ЭСЯ-ны албан ёсоор нээж, үйл ажиллагаагаа эхлүүлэхийг хүлээж байна.

 

-Монгол, Беларусь хоёрыг  холбодог нэг чухал үйл явдал бий. Энэ бол  Аугаа  эх орны дайны ялалт бөгөөд  75 жилийн ойг тэмдэглэж байна. Беларусь энэ баярт хэрхэн бэлтгэв?

 

-Юун түрүүнд, өнгөрсөн жил Монгол Улсад  Халхын голд ялалт байгуулсны 80 жилийн ойг өргөн тэмдэглэсэн бөгөөд энэ үйл явдлаар  манай хоёр улс холбоотой гэдгийг тэмдэглэж хэлмээр байна.

 

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх энэхүү ширүүн тулалдаанд Зөвлөлтийн  бүгд найрамдах улсуудын иргэд тулалдсан. Миний нутаг нэгт беларусьчууд ч бас оролцсон. Зөвлөлт-Монголын  цэргийн нэгтгэл ангиудад илгээсэн хэд хэдэн цэргийн ангийн нэг нь Беларусийн нэгтгэл байлаа. Беларусиас Халхын голд Беларусийн цэргийн тойргийн командлагчийн орлогч,  хожим нь  Ялалтын маршал гэгдэх болсон Г.К.Жуков хүрэлцэн очсон.

Халхын голд тулалдсан беларусьчуудын дунд ЗХУ-ын анхны хошой баатар, нисгэгч Сергей Иванович Грицевец танай улсад хамгийн алдартай нь. Халхын голд тулалдсан цэргүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэдэг. С.И.Грицевецын цээж баримлыг Улаанбаатар хотын Г.Жуковын болон Зэвсэгт хүчний  музейд байрлуулсан. Чойбалсан дахь дунд сургуулийг түүний нэрэмжит болгосон бөгөөд өнгөрсөн жил манай  Элчин сайдын яам, Чойбалсан хотын дарга П. Мөнхтөр нарын  санаачилгаар манай  нутаг нэгт алдартны маань цээж хөшөөг босгосон юм.

Аугаа эх орны дайны үед Монголын ард түмэн Зөвлөлтийн армид хоол хүнс, дулаан хувцсаар туслаж, хагас сая гаруй адуу илгээж, танкийн цуваа, сөнөөгч онгоцуудыг Монголын ард түмний хандиваар байгуулсан. Зөвлөлтийн армийн эгнээнд Монголын сайн дурынхан нэгдэж байлдааны ажиллагаанд оролцож байсан түүхтэй. Ийнхүү үнэлж баршгүй их ах дүүгийн туслалцаа үзүүлж, хамтын ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсанд бид гүнээ талархаж үргэлж санаж байдаг!

 

1941 онд Беларусь хамгийн түрүүнд дайсны цохилтод орж, газар нутгийг нь нацистууд бүрэн эзэлсэн. Дайны жилүүдэд манай улс  оршин суугчдынхаа бараг гуравны нэгийг  алдсан. Түрэмгийлэгчид 200 гаруй хот,  9 мянга гаруй тосгоныг сүйтгэж, юу ч үгүй болгосон. Нацистуудын энэ аймшигт гэмт хэргийн нэг баримт  бол бүх оршин  суугчдынх нь хамт шатаасан Хатынь тосгон.  600 гаруй тосгоныг мөн ингэсэн.  Нацистууд иймэрхүү  харгислалыг  Зөвлөлтийн эзлэгдсэн бусад нутагт ч үйлдсэн.

 

Ялалтын баярыг Беларусь улс хамгийн чухал, хамгийн гол баярын нэг болгон тэмдэглэдэг. Энэ өдөр бид дайнд оролцсон  ахмад дайчдынхаа дурсгалыг хүндэтгэж, өнөөдөр бидэнтэй хамт байхгүй хэдий ч ирээдүй хойч үеийнхээ төлөөх тулалдааны талбар дээр амь үрэгдсэн дайчиддаа хүндэтгэл үзүүлдэг. Харамсалтай нь дайнд оролцсон ахмад дайчид жил ирэх тусам цөөрч байгаа тул тэдний эрүүл мэндэд анхаарал тавьж, нийгмийн болон  амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал шаардлагатай болж байна.

 

Энэ жил Аугаа ялалтын 75 жилийн ой тохиож байна. Баярын бэлтгэл ажлын хүрээнд хөшөө дурсгал, дурсгалын цогцолборуудыг тохижуулах,  музейн үзмэрийг баяжуулах ажлыг хийж байна. Баатарлаг-эх оронч аян, Аугаа эх орны дайны тухай уран сайхны, баримтат кино, дэлгэцийн бүтээл, ном хэвлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

 

Жил бүр бид Ялалтын баярыг тэмдэглэхдээ  дайны аймшигт жилүүдэд  юу чүгүй сүйдсэн  манай Минск,   Беларусь орныг сэргээхэд дэлхий нийт, Зөвлөлтийн бүх ард түмэн ямар их хүчин чармайлт гаргасныг санаж байдаг. Манай  улс хэр хүчтэй, хараат бус болж чадсаныг бид харж байна. Амар тайван тэнгэрийн дор хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх нь ямар их аз жаргал болохыг бид ойлгож байна.

 

Холбоотой мэдээ