Буянт гол дагуу зусланд гаргах тухай асуудал хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-06 10:53:48
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын иргэд зуны улиралд Буянт гол дагуу зусланд гардаг уламжлалтай.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын удирдлагууд болон байгаль орчны салбарын холбогдох байгууллагын мэргэжилтнүүд энэ оны тавдугаар сарын 05-нд Буянт гол дагуу айл өрхийг зусланд гаргах, эс гаргах тухай асуудал хэлэлцлээ.

Энэ үеэр айл өрхүүд зусланд гарсан тохиолдолд ямар үүрэг, хариуцлага хүлээх талаар зөвлөлдөв.

Буянт голын зусланд айлууд гарах тохиолдолд шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өрх хоорондын зайг зохицуулах, бие засах газар \нүхэн жорлон\ нэмэгдүүлэх, хог хаягдлын хураамж нэмэх зэрэг санал гарчээ.

Мөн зуслангийн байршил, хугацаа, машины зогсоолыг тодорхойлж, “Усны тухай хууль”-ийн дагуу голын эрэг, зүлгээс 50 метр зайд буулгах асуудлыг журмаар зохицуулахаар болов.

Түүнчлэн уулзалтын хүрээнд хөрсний бохирдлоос сэргийлэх зорилгоор бие засах газар, хог хаягдлын цэгийг цэгцтэй, цэвэрхэн байлгах тал дээр иргэний үүргийг хариуцлагажуулах талаар санал солилцсон. Мөн голын усыг бохирдуулахгүй хамгаалах чиглэлд мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын ажлыг өндөржүүлэх, иргэдийн хандлагад нөлөөлөх талаар анхаарч ажиллах нь зүйтэй гэж уулзалтад оролцогчид үзжээ.

Энэхүү уулзалтын үр дүнд Буянт гол дагуу айлуудыг зусланд гаргах асуудлын талаар аймгийн Онцгой комисст санал уламжилж, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр болсон гэж албаны эх сурвалж мэдээллээ.

 

Холбоотой мэдээ