Отрын малчид нутаг буцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-05-05 18:21:28

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Булган, Төв аймагт оторлосон зарим малчид нутаг буцаж байна. Хэдийгээр мал төллөж, тууврын ая даахааргүй байгаа ч отор хийж өвөлжсөн сумаас нь нутаг чөлөөлөх үүрэг өгсний улмаас ийнхүү буцаж ирж байгаа юм.

Зарим сумын удирдлагууд отроор яваа малчдыг хөөж, худаг усаа түгжин дарамталж байгааг цахим сүлжээнд нийтэлсний дагуу аймгийн Засаг дарга Г.Ганболд, ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир нар Төв аймгийн Угтаалцайдам суманд ажиллаж, сумын удирдлагуудтай уулзан малчдад нааштай хандахыг хүслээ. Тус сум нь тариалангийн бүс нутагт хамаардаг учраас 60 мянган толгой мал бэлчээрлэх ёстой аж. Гэтэл сум өөрийн 130 мянган толгой мал дээр манай аймгаас 60 мянган толгой мал өвөлжиж, хаваржиж байгаа нь бэлчээрийн даацыг хэтрүүлж, тариалалтын ажлаа эхлүүлэх боломжгүйд хүргээд байгааг сумын Засаг дарга н.Батбаяр хэлж байв.

Малчдын зүгээс “Одоо нутаг буцвал 300-400 км газарт хээлтэй мал, нялх төл үхэж үрэгдээд дуусна, өнөтэй өвөлжсөний хэрэг гарахгүй” гэдгийг хэлж байсан ба аймгийн удирдлагууд санал солилцсоны үндсэн дээр дахин хэд хоног хүлээхээр боллоо.

Холбоотой мэдээ