Шинэ Зеланд онцгой байдлын дэглэмийг 6 дахь удаагаа сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-05 12:33:07

СИДНЕЙ. /TASS/. Коронавирусний халдвар тархсантай холбогдуулан 3 дугаар сарын 25-нд зарласан онцгой байдлын дэглэм үйлчлэх хугацааг Шинэ Зеландын Засгийн газар дахин сунгаж байгаа тухай тус улсын Иргэний батлан хамгаалахын сайд Пеени Хенаре мэдэгджээ.


"Онцгой байдлын дэглэмийг дахин 7 хоногийн хугацаатайгаар 6 дахь удаагаа сунгана. Аюулын түвшнийг бууруулсны дараа ч сонор сэрэмжтэй байх хэрэгтэй" хэмээн тэрбээр хэлсэн байна. 


Одоогийн байдлаар Шинэ Зеландад коронавирусний халдварын 1486 тохиолдол бүртгэгдсэн байна. Коронавирусний халдвар авсан 4 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол өөр 164 өвчтөн амбулаториор эмчлүүлж байна. Халдвар авсан 1302 өвчтөн эдгэрсэн бол 20 хүн нас баржээ. Сүүлийн 48 цагийн хугацаанд тус улсад коронавирусний халдварын шинэ тохиолдол илрээгүй байна.


Нийгмийн харилцаа холбоог дээд зэргээр хязгаарлах, иргэдийн өөрийгөө тусгаарлах дэглэмийг хангахын тулд Шинэ Зеландын Засгийн газар 3 дугаар сарын 25-нд онцгой байдлын дэглэм зарлажээ. Коронавирусээр халдварлагсдын тоо огцом буурсны дараа буюу 4 дүгээр сарын 27-нд эрх баригчид хязгаарлалтуудыг хэсэгчлэн цуцалсан байна. Засгийн газар тавдугаар сарын 13-нд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин хэсэгчлэн цуцалж, аюулын түвшнийг бууруулж магадгүй байна. 

 

Холбоотой мэдээ