Цар тахлын үед хэвлэлийн эрх чөлөөгөөр хангахыг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-05-04 10:55:02

ВАШИНГТОН. /NHK/. Дэлхий даяар коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед мэдээллийн чөлөөт урсгалыг хамгаалахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан уриаллаа.


Эрүүл мэндэд хор уршигтай зөвлөгөөнүүдээс эхлүүлээд хуйвалдааны онол гэх мэт буруу ташаа мэдээллийн хоёр дахь цар тахал дэгдэж болзошгүй байгааг А.Гутерреш анхааруулаад, баталгаатай мэдээллийг буруу ташаа мэдээллийн ерөндөг гэж хэлжээ.


Мөн НҮБ-ын тэргүүн цар тахал дэгдсэнээс хойш сэтгүүлч нарт хязгаарлалт тогтоох явдал ихэссэнийг онцолжээ. Олон улсын сэтгүүлчдийн байгууллагын мэдээлснээр, наад зах нь 38 оронд тархалтын талаар мэдээллийг хянаж, сэтгүүлчдийг баривчилсан байна.


Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллага 180 улс орон, нутаг дэвсгэрийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн үзүүлэлтийг өнгөрсөн сард танилцуулжээ. Энэхүү тайланд, халдвар анх илэрсэн БНХАУ 177 дугаарт, халдварын хамгийн олон тохиолдол, нас баралт бүртгэгдсэн АНУ 45 дугаарт жагсжээ.


Уг байгууллагын мэдээлснээр, БНХАУ цар тахал дэгдсэнтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хяналтыг улам чангатгажээ. Дээрх тайланд Япон улс 66 дугаарт жагссан бөгөөд тус улсад Засгийн газрыг шүүмжилсэн сэтгүүлчдийг нийгмийн сүлжээгээр шахалт үзүүлдэг хэмээн тэмдэглэсэн байна.


Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Норвеги нэгдүгээрт жагссан бол Финланд, Дани удаалжээ. Мөн “Их 7”-гийн орнуудаас Герман 11 дүгээрт, Канад 16 дугаарт жагсжээ. 

Холбоотой мэдээ