Хятадад халдварын хоёр шинэ тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-05-03 10:25:15

БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад бямба гарагт коронавирусний халдварын хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс өнөө өглөө мэдээллээ.


COVID-19”-ийн дотоодод халдварласан нэг тохиолдол нь Шаньси мужид бүртгэгджээ. Хятадад бямба гарагт халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол халдвар авсан байх магадлалтай 10 шинэ тохиолдол бүртгэгдсэний ес нь зөөвөрлөгдөн ирсэн байна. Мөн тухайн өдөрт 28 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, биеийн байдал нь хүнд хүний тоо 34 болж буурчээ. 


Эх газрын Хятадад энэ сарын 2-ны байдлаар 82877 хүн халдвар авснаас 4633 хүн нас барж, 77713 хүн эдгэрсэн байна. Мөн тухайн өдрийн байдлаар зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо 1672-т хүрснээс 1221 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол зургаан хүний биеийн байдал хүнд байгаа аж. Үүнээс гадна халдвар авсан хүмүүстэй ойр байсан 7539 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд бямба гарагт хяналтад байсан 882 хүн гэртээ харьсан байна.


Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, эх газрын Хятадад бямба гарагт “COVID-19” халдварын шинж тэмдэггүй 12 шинэ тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн тухайн өдрийн байдлаар шинж тэмдэггүй 968 тохиолдлыг эмнэлгийн хяналтад оруулсан бөгөөд тэдгээр тохиолдлын 98 нь зөөвөрлөгдөн иржээ.


Мөн энэ сарын 2-ны байдлаар Хонконгт коронавирусний халдварын 1039, Макаод 45, Тайваньд 432 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд зургаан хүн нас баржээ. Мөн Хонконгт 864, Макаод 38, Тайваньд 324 хүн эдгэрсэн байна.

Холбоотой мэдээ