Мэдээллийн хэрэгслийн тоо 502 болж олширчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-30 15:57:49
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэвлэлийн Хүрээлэнгийн Монголын хэвлэл мэдээллийн салбарын статистик мэдээллийн шинэ тайлан хэвлэгджээ. 


2020 оны ”Монголын хэвлэл мэдээлэл - Өнөөдөр” тайланд багтсан зарим үзүүлэлтээс дурдвал, 2013 оноос хойш мэдээллийн хэрэгслийн тоо жил бүр буурч байсан бол 2018 онд 14-өөр, 2019 онд 45-аар нэмэгдэж 502 болсон байна.


Энэхүү өсөлт нь гол төлөв мэдээллийн сайтын тоо олширсонтой холбоотой байв. Цаасан мэдээллийн хэрэгслийн тоо, тухайлбал сонины тоо багассан хэвээр байгаа бөгөөд, 2019 онд сонины нэр төрөл сүүлийн 20 жилийн туршид байгаагүйгээр цөөрч, сонины борлуулалт 5 хувиар, сэтгүүлийн борлуулалт 44 хувиар тус тус буурчээ. 


Хэвлэл мэдээллийн салбарт цахим шилжилт эрчимтэй явагдаж байна. 2019 оны эхний байдлаар 154 мэдээллийн сайт цаг үеийн мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэж байгаагаас 20 нь орон нутагт ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтийн мэдээллийн сүлжээг ашиглаж, өөрийн контентыг түгээх, сурталчлах, хэрэглэгчидтэй харилцах нь түгээмэл болж байна. Тухайлбал, телевизүүдийн 85 хувь нь албан ёсны фейсбүүк хуудсаараа нэвтрүүлэг дамжуулж, үзэгчдийн санал, сэтгэгдлийг хүлээн авч байна. Түүнчлэн, цахимаар сонсох боломжтой радиогийн тоо гурваар нэмэгдсэн бол веб сайтаар нь дамжуулан нэвтрүүлгийг нь хүлээн авах боломжтой 23 телевиз байна. 


Хэвлэл мэдээллийн салбарт 4700 орчим хүн ажиллаж буйн тал нь сэтгүүлч, редактор зэрэг сэтгүүл зүйн хэм хэмжээний дагуу ажиллах үүрэг бүхий ажилтан байна. Тэдний 60 орчим хувь нь сэтгүүлч мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын 50 гаруй хувь нь телевизийн салбарт ажилладаг. 


2019 онд хэвлэл мэдээллийн салбарт гарсан бусад өөрчлөлт болон тоон судалгааны үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Монголын хэвлэл мэдээлэл - Өнөөдөр” 2020 тайлангаас танилцаж болон юм байна.


Холбоотой мэдээ