М.Помпео: Ким Жөн Ун ойрын үед "харагдаагүй"

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-04-30 08:58:57

ВАШИНГТОН. /New York Post/. "АНУ-ын төлөөлөгчид БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уныг ойрын үед "хараагүй". Бид түүний биеийн байдлын талаарх мэдээллүүдийг анхааралтай ажиглаж байна" гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдлээ.


Мөн БНАСАУ-д коронавирусний халдвар тархаж, өлсгөлөнд нэрвэгдсэн байж болзошгүй гэж тэрбээр хэлээд, бид БНХАУ-тай хиллэдэг тус улс дахь нөхцөл байдлыг сайтар хянаж байна гэж нэмж хэлсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагчийн биеийн байдал ямар байгааг мэдэж байгаа гэж даваа гарагт мэдэгдсэн боловч энэ талаар сэтгүүлчдэд хэлэхээс татгалзсан юм. "Би түүнд сайн сайхныг хүсэж байна" гэж тэрбээр хэлжээ.


Өдгөө 36 настай Ким Жөн Ун энэ сарын 12-ноос хойш харагдаагүй юм. Үүнтэй холбогдуулан түүнийг хүндээр өвдсөн байж болзошгүй хэмээн таамаглаж эхэлсэн. Харин БНСУ-ын эрх баригчид уг мэдээллийг няцаасан билээ.


БНАСАУ-ын удирдагчийг коронавирусний халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд Вонсан хотод байж магадгүй гэх таамаглал ч мөн гарсан байна. БНАСАУ цар тахал дэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр хилээ хаасан юм. 

Холбоотой мэдээ