COVID-19-ийн үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах тогтоолыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-04-29 17:43:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар COVID-19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай тогтоолыг батлав.


Дэлхийн 213 улс оронд хурдацтай тархаж, Монгол Улсад удаа дараа нэмэгдэн бүртгэгдэж байгаа коронавируст халдвар COVID19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх зорилгоор баримтлах төрийн бодлогын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын Үндсэн Хуулийн 25 дугаар зүйлд заасан УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд тодорхойлж энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.


Тогтоолын төсөлд эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, цахимжсан банкны тогтолцоо бий болгох, банкны зохистой удирдлагын тогтолцоог бүрдүүлж, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэхээр тусгажээ. Мөн банкийг хянах, шалгах, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн орчинг сайжруулах, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг гадаад, дотоод зах зээлийн хэлцлээр бүрдүүлэхээр тусгасан байна. Энэ чиглэлээр ажиллах, хэлцэл хийх, шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх байгууллагад олгох хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулжээ.


Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталснаар чуулган өндөрлөв. Тогтоолыг эндээс үзнэ үү.

Холбоотой мэдээ