Гадаадаас 9890 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадаас 9890 иргэн эх орондоо ирэх хүсэлтийг Засгийн газар, УОК-т ирүүлсэн талаар тус комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр мэдээлэв.
Засгийн газраас гадаадад байгаа иргэдээ авах ажлыг үе шаттай хэрэгжүүлж буй юм. Тодруулбал, энэ сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэг үйлдэж, транзит нислэг буюу бусад орноос Солонгосоор дамжин ирэх иргэдийг авах юм. Харин ирэх сарын 1-нд Сөүл, 2-нд Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэж, БНСУ, ХБНГУ-д амьдарч буй иргэдээ авна гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин онцоллоо.
Тэрбээр, “ОХУ, БНХАУ-аас иргэдээ галт тэрэг болон автозамаар авах ажлыг зохион байгуулж байна. Монгол Улсын 190 мянга гаруй иргэн гадаадад бий. Бүх хүнийг шууд авах боломжгүй. Нислэг болон энд тусгаарлах байрны боломж хомс. Тиймээс эхний ээлжинд нэн шаардлагатай буюу ахмад настан, жирэмсэн болон хүүхэдтэй зэрэг иргэнээ авч байгаа. Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд зарим оронд суугаа ЭСЯ-ны гадаа суулт зарлах асуудал яригдаж байна. Суулт хийлээ гээд Монгол Улсын онгоц, нисэх баг бүрэлдэх, тусгаарлах байрны хүрэлцээ нэмэгдэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэд байнгын нислэг үйлддэг буюу Солонгос зэрэг орноор дамжиж ирсэн тохиолдолд авах л боломж байна. Шууд БНЭУ, АНУ, Австрали руу нислэг хийх бололцоо байхгүй” гэлээ.