Д.Эрдэнэбат: Хорио цээрийн үед иргэнийг торгох, хорих нь буруу
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар, Ж.Энхбаяр гишүүний өргөн мэдүүлсэн "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, Үндсэн хууль, Төсвийн тухай хуультай зөрчилдөж байна гэж үзсэн талаар тус зөвлөлөөс мэдээлэв.
Тодруулбал, Төслийн долоодугаар зүйлийг 1.2-т заасан хэсэг нь Үндсэн хуулийн 25.1, Төсвийн тухай хуулийн 42.1-ийг зөрчиж байгаа аж. Төслийн долоодугаар зүлийн 1.2-т “...хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зардлын хэмжээг нэмэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх” хэмээн тусгажээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, “Үндсэн хуулийн 25.1-т УИХ нь төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэж заасан. Үүний нэгдүгээр зүйлд, хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах заалт, харин долоодугаарт, төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох, Засгийн газрын ажлын хөтөлбөрт улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах гэсэн бүрэн эрхтэй. Энэ бүрэн эрхийг хэн ч зөрчих зохицуулалт хуульд байхгүй юм. Харин Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг 42.1-т Төсвийн ерөнхийлөн захирагч хоорондын төсвийн зохицуулалтыг зөвхөн тухайн жилийн төсөвт тодотгол хийж шийдвэрлэнэ” гэсэн тодорхой заалт бий. Ийм байхад энэ хууль хамаагүй мэт тайлбарлаж болохгүй” хэмээв.
Мөн тэрээр, "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлд эдийн засгийн ач холбогдолтой, цар тахлын хүндрэлийг даван туулах заалт бараг тусгаагүй, Эрүүгийн хуулийн заалтыг давхардуулж хөл хорионы үеэр ял шийтгэл оноох тал руу хэлбийсэн нь буруу гэж үзэж буйгаа илэрхийлэв. Тэрбээр, “Цар тахлын үед иргэдийн орлого багассан, хүнд үед өндөр дүнтэй мөнгөөр торгох, хорих ял шийтгэл оноох нь буруу. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд, иргэн 200-500 мянган төгрөгийн торгууль төлөх боломж байхгүй. Энэ хуулийг мөрдөхөд зөрчилдөөн үүснэ. Үүний оронд иргэд хоорондоо бие биенээ ойлголцдог заалт хэрэгтэй. Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд сануулах арга хэмжээ огт байдаггүй. Хамгийн түрүүнд иргэнд сануулаад, болохгүй бол үе шаттай арга хэмжээ авах хэрэгтэй. Түүнээс биш таван мянган төгрөгөө олж чадахгүй байгаа иргэнийг 50, 500 мянган төгрөгөөр торгож дарангуйлдаг хуулийг УИХ батлахгүй байх нь зүйтэй гэдгийг анхааруулж байна” хэмээв.
Тэрбээр цааш нь хэлэхдээ, "УИХ-ын дарга хурал зохион байгуулахаас шийдвэр гаргадаггүй. УИХ-ын даргын эрх хэмжээний хүрээнд Үндсэн хуулийн зөрчилтэй олон заалт энэ хуулийн төсөлд орж ирсэн. Мөн УИХ-ын Тамгын газарт зарим нэг хэтэрсэн эрх хэмжээг олгохыг оролдсон, түүчнлэн хариуцлага нэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан заалт орж байна. Үндсэн хуультай зөрчилдөж байгаа заалтуудыг засаж, залруулж сайжруулаад явах ёстой" хэмээв.
Тус намын зөвлөлөөс төсөлд тусгахаар өмнө нь гаргасан таван багц, 38 зарчмын зөрүүтэй саналаас есийг нь заавал нэмэх шаардлагатай гэж үзээд, төслийн ажлын багт хүргүүлэхээр шийдвэрлэсэн гэлээ.