Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-25 18:37:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байгуулж буй бичил цэцэрлэгийн ажлыг шалгалаа.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хууль бусаар эзэмшиж буй болон эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг чөлөөлж, олон нийтийн эзэмшилд авч бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж тохижуулах үүргийг хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болгосон юм. Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд өнөөдөр 12 байршилд газар чөлөөлж, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна.



Дипломат 95-р байрны хойд талын байрнуудын дунд олон жил барилгын суурь ухаж орхисон 2000 метр квадрат талбайг ийнхүү чөлөөлж олон нийтийн эзэмшил болгож тохижуулж буй нь энэ юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард бичил цэцэрлэгийг байгуулж эхэлсэн бөгөөд ирэх тавдугаар сарын 1-нд ашиглалтад өгнө гэж гүйцэтгэгч компаниас мэдээллээ.



Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Хотын Захирагчийн өгсөн үүргийн дагуу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд эзэмшил газраа олон жил ашиглаагүй газрыг чөлөөлж бичил цэцэрлэг байгуулж байна. Тохижилтын явц 90 хувьтай явж байна.  Урьд нь энэ хэсэгт барилгын суурь ухаад хашаа татаад орхичихсон байсан. Орчны аюулгүй байдлыг хангаагүй, хогоор дүүрсэн газрыг тохижуулж бичил цэцэрлэг байгуулж байгаад иргэд талархал илэрхийлж байгаа” гэв.



Цаашид бичил цэцэрлэгийг Чингэлтэй дүүргийн ТҮК бүрэн хариуцаж, арчлалт хамгаалалтын ажлыг хийх юм байна.

Холбоотой мэдээ