Их Британид коронавирусний вакциныг хүний биед туршиж эхэллээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-04-24 10:24:10

ЛОНДОН. /BBC/. Оксфордын их сургуульд шинэ коронавирусний вакциныг хүний биед туршиж эхэллээ. Энэ төрлийн туршилтыг Европт анх удаа хийж буй нь энэ юм. 


Туршилтад оролцохоор бүртгүүлсэн 800 гаруй хүнээс эхний хоёр хүнд вакцин тарьжээ. Судалгаанд оролцогчдын тэн хагаст “COVID-19”-ийн вакцин тарих бол үлдсэн хагаст коронавируснийхээс өөр менингитийн вакцин турших бөгөөд тэд ямар вакцин хийлгэж байгаагаа мэдэхгүй ажээ.


“Би өөрөө судлаач учраас шинжлэх ухааны үйл хэрэгт чадах чинээгээрээ хувь нэмэр оруулахыг хүссэн” гэж эхний вакциныг хийлгэсэн Элиса Гранато “BBC” сувагт мэдээлжээ.

 

Коронавирусний вакциныг Оксфордын их сургуулийн судлаачдын баг гурван сар орчмын хугацаанд гарган авсан бөгөөд тэднийг “Jenner” хүрээлэнгийн профессор Сара Гилберт ахалжээ.


“Би энэ вакциныг амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаа” гэж С.Гилберт хэлжээ. Мөн тэрбээр, бид вакцинаа туршиж, хүмүүсээс мэдээлэл цуглуулж, үр дүнтэй эсэхийг нь батлах хэрэгтэй гэж нэмж хэлжээ.


Халдвар авах эрсдэл бусад хүнийхээс илүү өндөр тул судлаачид туршилтдаа эмнэлгийн ажилтнуудыг хамруулахыг чухалчилж байгаа ажээ. Цаашид сайн дурын 5000 хүнийг туршилтад хамруулах бөгөөд үүнд насны хязгаар тогтоохгүй гэнэ. Мөн Кени тэргүүтэй Африкийн орнуудад туршилт явуулахыг эрмэлзэж байна. 

Холбоотой мэдээ