Хятадад халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-04-21 14:02:56

БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад даваа гарагт коронавирусний халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс дөрөв нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс өнөө өглөө мэдээллээ.


COVID-19”-ийн дотоодод халдварласан долоон тохиолдлын зургаа нь Хэйлунжян мужид, нэг нь Гуандун мужид бүртгэгджээ. Хятадад даваа гарагт халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол халдвар авсан байх магадлалтай гурван шинэ тохиолдол бүртгэгдсэний хоёр нь зөөвөрлөгдөн ирсэн байна. Мөн тухайн өдөрт 39 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, биеийн байдал нь хүнд хүний тоо 82 болж буурчээ. 


Эх газрын Хятадад энэ сарын 20-ны байдлаар 82758 хүн халдвар авснаас 4632 хүн нас барж, 77123 хүн эдгэрсэн байна. Мөн тухайн өдрийн байдлаар зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо 1587-д хүрснээс 776 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 44 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Үүнээс гадна халдвар авсан хүмүүстэй ойр байсан 8791 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд даваа гарагт хяналтад байсан 882 хүн гэртээ харьсан байна.


Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, эх газрын Хятадад даваа гарагт “COVID-19” халдварын шинж тэмдэггүй 37 шинэ тохиолдол бүртгэгдсэний хоёр нь гадаадын орнуудаас зөөвөрлөгдөн иржээ. Мөн шинж тэмдэггүй гурван тохиолдлыг батлагдсан тохиолдлын тоонд оруулсан байна. Эх газрын Хятадад даваа гаргийн байдлаар шинж тэмдэггүй 992 тохиолдлыг эмнэлгийн хяналтад оруулсан бөгөөд тэдгээр тохиолдлын 180 нь зөөвөрлөгдөн иржээ.


Мөн энэ сарын 20-ны байдлаар Хонконгт коронавирусний халдварын 1025, Макаод 45, Тайваньд 422 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд зургаан хүн нас баржээ. Мөн Хонконгт 630, Макаод 22, Тайваньд 203 хүн эдгэрсэн байна.

Холбоотой мэдээ