Хос бадамлянхуа цэцэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Цахим музей" - цуврал 2
Баянхонгор аймгийн Музейн сан хөмрөгт дэглэгдсэн бадамлянхуа цэцгийг Ламын гэгээний тавдугаар дүр Лувсанпэрэнлэй тогмидын захиалгаар урласан түүхтэй. Ламын гэгээнд алтан аяга, шүрэн өвгөн байсан бөгөөд түүнийгээ хадгалах сав хийж өг гэсний дагуу хос цэцгийг бүтээжээ.
Э.Самбуу дархны урласан цэцэг нь гуулиар цутгаж алтаар шармалдсан, нэг кг ачаа тавихад хумигдаж хаагддаг, оньсон товчлууртай. Найман ширхэг дэлбээтэй, түүн дээрээ найман тахилтай, гурав салдаг. Цэцэг, навч, үүл, хамар, угалз, мушгиа зэрэг хээ чимэгтэй. Ишин дээр нь цэцгэн хээ, үүлэн хээ, эвэр угалзыг ирмэглэн товойлгож цутгасан, дэлбээ нь цэцгэн голтой суурийг бадамлянхуа цэцгээр хүрээлсэн. Хэмжээний хувьд өргөн 9.7см, өндөр 28см, жин 3155гр.
Хос бадамлянхуа цэцгийг дөрвөн хос, найман ширхэгийг хийж байсан гэсэн мэдээлэл байдаг ба үүнээс аймгийн Музейн сан хөмрөгт нэг хос, нэг дэлбээ нь, Хүрээмарал сумын орон нутаг судлах танхим /ОНСТ/-д нэг цэцгийн гол хэсэг нь хадгалагдаж байна. Хүрээмарал сумын ОНСТ-д хадгалагдаж байгаа дурсгал нь 1975 онд ирсэн ба хаанаас ямар эх үүсвэрээс орж ирсэн нь тодорхойгүй байдаг.
Баянхонгор аймгийн музейн сан хөмрөгт байгаа бадамлянхуа цэцгийг музейн захирлаар ажиллаж байсан Л.Юндэнбат Эрдэнэцогт сумын иргэн н.Нэргүйгээс 1961 онд 400 төгрөгөөр худалдан авч сан хөмрөгөө баяжуулсан түүхтэй аж.
