Дорнод аймгийн малчид ноолуураа 105 мянган төгрөгөөр худалдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-19 19:34:29
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны гэрээт ААН Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумдаас ноолуур бэлтгэх ажлаа өнөөдрөөс эхэлжээ. Дорнод аймгийн 5400 малчин өрхийн 800 мянга орчим толгой ямаанаас 235,9 тонн ноолуур бэлтгэх боломжтой бөгөөд тус аймагт 1 кг ноолуур худалдан авах үнийг 105 мянган төгрөгөөр тогтоосон юм.


Энэ дагуу малчид ноолуурынхаа чанараас хамаарч кг ноолуурыг дунджаар 105 мянган төгрөгөөр худалдаж байгаа бөгөөд ХХААХҮЯ, аймгийн ХААГ-ын өгсөн чиглэлийн дагуу ноолуураа чанартай бэлтгэхэд анхаарч байгаагаа тэмдэглэжээ.


Аймаг, бүсийн газар зүйн байршил, цаг агаар, ноолуур бэлтгэлийн хугацаа, ямааны үүлдэр угсаа зэргийн ялгаатай байдлаас шалтгаалан ноолуурын өнгө, чанар өөр өөр байдаг учир үнэ ч аймаг, сумдад харилцан адилгүй тогтдог байна. Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнийг тогтоохдоо дээрх онцлог, өнгөрсөн оны ноолуур бэлтгэлийн дундаж үнэ, цар тахлаас үүдэлтэй дэлхийн зах зээл дээрх ноолуурын үнэ, ханшийн уналт зэргийг харгалзан үзжээ.


"COVID-19" цар тахалтай холбоотой дэлхий дахинд үүсээд буй онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг хадгалах, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Энэ дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдсан ААН-үүд малчдаас ноолуур бэлтгэх ажил орон даяар эхлээд байна.




Холбоотой мэдээ