Ш.Ганбат: Адууны үүлдэр угсааг сайжруулахгүйгээр хурдлуулахад хэцүү болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-04-14 18:35:39

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ жил Дорноговийн зарим суманд цас унаж бэлчээр, ус тэнцүүхэн сайхан өвөл боллоо.

Айраг сумын Цагаан дэл, Төгрөгийн урд зоо гэх уужим саруул талд Дорноговиос гадна хэд хэдэн аймгийн оторчид олон зуун адуугаа адгуулж өвлийг өнөтэй давжээ. Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, аймгийн алдарт уяач Шархүүгийн Ганбатын хот айлаар буув.

Тэрээр Айраг сумын “Долоон хонгор“ уяачдын холбооны тэргүүн бөгөөд нутгийн уяачидтай хамтарч “Нутгийн унага” уяаг ахалдаг аж. Дорноговийн адуу эртнээс  хурдтай Гал шар, Цэцэн ханы наадамд түрүүлж, айрагддаг өргөн олонд зартай, өөрийн гэсэн угшилтай, наадмаас наадам дамжин  ярьж, хүүрнэх түүхтэй явж ирсэн” гээд хууч дэлгэсэн юм.

-Мал сүрэг тарган тавтай юу? Өвлийг  өнөтэй давж,  сайхан хаваржиж байна уу?

-Өвлийг өнөтэй давлаа. Сайхан хаваржиж байна. Энэ өвөл газар газраас цугларсан отрын малчидтай  гар нийлэн малаа адгуулж хавартай золголоо. Оторчдын зарим нь эхнээсээ буцаж байна.

-Бэлчээр усны хүрэлцээ ямархуу байна?

-Энэ жил цастай сайхан жил байна. Адуу мал усанд цуваад байхгүй, цастай байх нь холын бэлчээрт сайн, малын тамир тэнхээнд ч дээр гэдэг.

Байнга айл өвөлжиж нутаглаад байдаггүй зэлүүд нутагт энэ удаа цас их унаж,  бэлчээр, ус элбэг сайхан өвөл боллоо. Өвөл нь өвөл шиг байна гэдэг сайхан юм.

-Хөндийгөөр дүүрэн адуу бэлчээрлэж байхтай таарлаа. Адуунд ээлтэй нутаг бололтой юм. Бусад аймгаас отрын мал их ирэв үү?

-Дорноговь Өвөрхангай, Дундговь, Төв аймгаас малчид отроор ирж өвөлжлөө. Манай нутагт нийт 10 гаруй мянган адуу оторлосон. Бас бог мал ч бий. Адуунд ээлтэй сайхан нутаг байгаа юм. Мал сүрэг онд мэнд орсон.

-Гадны аймгаас ирсэн отрын малчдыг өмнө нь таньдаг байв уу? Бэлчээр усны уртад танилцав уу?

-Отрын залуусын алиныг нь ч би таньдаггүй байсан. Отроор бэлчээрийн сайхан, усны тунгалагийг зорьж манай нутагт ирсэн, тэгээд л танилцаж одоо бүгдээрээ ахаа эгчээ, найз нөхөд бололцож хэл амгүй, хэрүүл шуугианүй сайхан өвөлжлөө. Хоёр сар гаруй болоод л  ганц ч малын гарзгүй эхнээсээ буцацгааж байна даа. Дундговиос хоёр, Өвөрхангайгаас хоёр, Говьсүмбэрээс ирж айл саахалт өвөлжиж байна. Манай энэ нутагт өвөлдөө тэр болгон айлууд ирж нутаглаад байдаггүй зэлүүд газар юм.

-Багаасаа мал маллаж байв уу?

-Би Дорноговийн Айраг сумын уугуул, Сайншанд сумын харьяат. Миний аав ээж малч удмын хүмүүс. Өнгөрсөн зууны наяад оноос эхэлж аав ээждээ тусалж малын захтай болж байсан. Дараа нь 1997 онд цэргээс ирээд аав ээжийнхээ малыг уламжлан өөрөө гар дээр өсгөж эдүгээ төв, хөдөөг хослуулан аж төрж байна. Одоогоор 1000 гаруй бог, 300 гаруй адуу маллаж байгаа.


-Таныг адууны соёлыг түгээж, малч удмаа залгаж яваа гэж сонссон. Олон жил морь уяж байна уу?

-Манай аав удаа цуглуулдаг, морь сайхан унадаг, моринд хайртай хүн байлаа. Морь уяад цөөнгүй жил болж байна. Эхнэр маань Сүхбаатар аймгийнх. Тэгэхээр манай гэр бүл адууны төлөө зүтгэхээс аргагүй.”Долоон хонгор уяачдын холбоо аймгийн шилдэг холбоо болж байсан бол энэ жил Дорноговь аймгийн шилдэг “Гал уяа болсон. Дүүгийнхээ нөхөр аймгийн алдарт уяач Баасансүрэн, галын уяач Цолмон болон бусад уяачидтай хамтраад “Нутгийн унага уяаг ахалдаг. Өнгөрсөн нэгдүгээр сард Айраг суманд отрын адуучидтайгаа нийлээд хоёр ч удаа адуучдын тэмцээн зохион байгуулж морьтны соёлыг сурталчилж, адуун сүргийнхээ шандсыг сорьсон.

Адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх, залуус малчид, уяачдын эв нэгдлийг хангах, аймаг сумын наадамд хурд үзүүлж сайхан наадах,  нэг нэгнээ дэмжээд морины хөгжилд чадлаараа зүтгэж явна. 2014 онд аймгийн алдарт уяач, 2015 онд мянгат малчин болсон.

Дорноговийн адууны чанарын хувьд та юу ярих бол?

Хаа сайгүй л хурдан адуу байна. Дорноговийн малчид, уяачид бол монгол даяар зартай хурдан хүлэгтэй гэх Хэнтийн Галшар, Сүхбаатарын Түвшинширээ зэрэг хурдны өлгий нутагтай хил залгаж их бага наадам түрүү айраг олонтаа авч өөрийн гэсэн хурдны угшлыг буй болгосон, морьтны соёлыг дэлгэрүүлж яваа малч түмэн юм. 

Манай галын аймгийн алдарт уяач Батцэрэнгийн Баасансүрэн, 2018 оны Говийн бүсийн даншигт Солонго цавьдар үрээгээ айрагдуулсан аймгийн алдарт уяач Бямбын Баярцолмон, сумын алдарт уяач Дорноговь аймгийн Ус эрчим хүчний ангийн дарга Цагааны Алтансүх гээд надтай хамтарч ажилладаг олон залуус бий.

-Танай адуу сум, аймаг бүсийн хэмжээнд хэрхэн уралдаж ямар амжилт гаргаж байв?

-Сүхбаатар аймгийн Онгон сумаас хоёр азарга, үрээ морь авчирч адуун сүрэгтэй цус сэлбэж байлаа. Мөн Сүхбаатарын өөр сумдаас ч адуу авч л байсан. Араб цустай азарга авч л байлаа. Адууныхаа удам угшлыг сайжруулах тал дээр өөрийнхөө хэмжээнд  хичээж  явна.

Айраг сумын Сүрэнхорол гэдэг адуучин ах надад бор даага бэлэглэхэд би хязаалан насанд нь Айраг сумандаа түрүүлгэж байлаа. Замын-Үүдийн 20 жилийн ойн бүсийн чанартай наадам болоход хоёр соёолонгоо дөрөв, таваар давхиулж байсан. Гурван сумын тэгш ойн наадамд их морь түрүүлгэж байв. Өнгөрсөн жил Төмөр замын байгууллагын 70 жилийн ойд хар морио аман хүзүүдүүлсэн, Даланжаргалан суманд бас түрүүлгэлээ, өнгөрсөн өвөл аймгийн хаврын анхны наадамд аман хүзүүдлээ  аймгийн наадам ч айраг хүртэж байлаа.

Уяачдын холбооны ажил хүлээн авсан цагаасаа хойш нутгийн уяач түмэнтэйгээ хамтран наадмыг дэгтэй, замбараатай зохион байгуулахад анхаарч,цаашлаад аймаг орон нутагт олон айраг түрүү авч, амжилт үзүүлж, зүтгэж явна. 

-Техник технологийн үсрэнгүй хөгжлөөс үүдэж нүүдлийн соёлд маань ихээхэн өөрчлөлт гарч байгаа. Та санал нэгтэй байна уу?

-Манай  нутгийн малчин залуус харьцангуй малдаа ойрхон байж, морь малаа унаж, эдэлж, соёлоо хадгалж байна.Техник технологи, уламжлалт арга ухааныг хослуулж өв соёлоо хадгалж үлдэх шаардлага байна.

-Уламжлалт болон орчин үеийн уяаны  ялгаа гарч байна? Ялангуяа том наадамд бүр ялгардаг. Таны хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Тиймээ. Манай аавыг залуу байх үед  адууг өвлийн цагаар хаа нэгтэй унаж хүчийг нь багасгаж, хорыг нь гаргаад зундаа нэгээс хоёр удаа хөтөлж сойгоод цагаан өвсөөр уралдчихдаг байсан. Манай аав сумандаа нэг, аймагт нэг уралдаад л болчихдог байсан.  Гэтэл одоо энэ уяа хоцрогдсон. Одоогийн уяачид дөрвөн цагийн турш морины ажил хийж морио тэжээж, байнгын анхаарал тавьж байна. Жилдээ маш олон удаа уралдаж байна. Өөрөөр хэлбэл уяа нь ханачихсан хаана ч хэдэн удаа уралдахад бэлэн байна.

-Сүүлийн үед монгол адууг эрлийзжүүлж гарсан төлийг нь уяж хурдлуулдаг боллоо?

орь уяж амжилтад хүрнэ гэж зүтгэвэл адууг эрлийзжүүлэхгүйгээр хурдлуулахад хэцүү болчихлоо.Цаг хугацаа, одоогийн нөхцөл байдал тэгж шаардаж байна. Манай аймаг  монгол адуугаараа уралддаг газар шүү дээ. Том наадам зохион байгуулахад  түрүү, айргийг гадныхан ирээд авчихаж байна.

-Шинэ цагийн адууны чанар ямархуу байдаг вэ?

-Цэвэр монгол адууны дэргэд тэвчээр муутай. Эрлийз хийгээд уяж сойх магадлалтай мөн тамир тэнхээ муутай адуугаа зүчээнд үлдээдэг. Бэлчээр хомсдож цас орж хүйтэрвэл шинэ цагийн адуу тэсэхэд бэрх. Тиймээс нэмэгдэл тэжээл, хоол хэрэгтэй. Шинэ цагийн монгол адуу бол англи, орос, араб цустай азаргыг сайн монгол гүүтэй эвсэлдүүлж хурдны чиглэлээр гаргаж авсан учир монголын бэлчээрийн нөхцлийг давах тэсвээр тэвчээр муутай. Харин Монгол генээ давамгай авсан нь мөн адил бэлчээрт тэсвэртэй байх тохиолдол бий.

-Эрлийз адуу, цэвэр монгол адууг тусад нь уралдуулах ёстой юу?

-Сэрвээ, нурууны өндрийг хэмжиж чадахгүй учраас  нэг л стандарт  тогтоож уралдсан нь зөв гэж үздэг. Цэвэр гадаад азарганы монгол гүүнээс гарсан төлийг тавин хувийн гентэй гэж үзэж байна. Тавин хувьтай тухайн төл нь цаашаагаа 25 хувьтай болж үржих  жишээтэй. Дээрээс шийдвэр гаргахдаа өндөрт нь  хэмжээ тогтоогоод монгол цусны адуу уралдана гэсэн ч  намхан эрлийз адуу уралдчихаж байна. Улаанбаатарт гэхэд л тухайн хэмжээнээс давсан цэвэр монгол адуу хасагдаж л байдаг. Гэтэл намхан хэнз эрлийз адуу нөгөөх хэмжээнээс доогуур тул уралдаад л улсын цол гуншин аваад явж байна. Сайхан монгол адуу ч хасагдах. Тэгэхээр адууны хөгжлийг эрлийз, монголыг дэмжиж хамтарч уралдахгүй бол эрлийзээ хасаад хэрүүл хийгээд байвал Дорноговийн адуу хоцорно л гэсэн үг.


-Морины уяа, адууны хөгжил бизнесийн зорилготой болчихлоо. Морь уях хөрөнгө санхүүгээс шалтгаалдаг боллоо. Гэтэл жирийн уяач энэ өрсөлдөөнд оролцоход хэцүү байх шиг санагдах?

Тиймээ. Үүнийг шинэ цагийн уяа гэж ярьж хэвшсэн. Морио тэжээх, эрүүл байлгах гээд зардал их ордог болсон. Дээхнэ үед морьдынхоо хүч, тамирыг тогтоож  амьсгааг задалж уралддаг байсан уламжлал бий. Морины хөгжил бизнесийн тал руу орсон учир бид ч бас үүнээс хоцрох ёсгүй. Залуучууд шинэ цагийн уяанд маш  их гаршиж байна.   

-Мэдээж та адуун сүргээсээ бусдад зарж, наймаалцдаг байх. Хурдан удмын адуу авья гэсэн танил найз нөхөд, замын хүмүүс хэр бууж байх юм?

-Хүмүүс манайхыг зорьж цөөнгүй ирдэг. Танил найз нөхөд маань бууж л байна. Адууны хурд газар сайгүй тархсан гэж ойлгодог. Дорноговийн адуу ойр хавьдаа төдийгүй зүүн талдаа Хэнтий, Сүхбаатарт нэрээ гаргаж л байна. Би Өвөрхангай, төв, Булганы сумдаар адуу зарсан. Зарсан болгон давхиж л байна, нэр нь ч дуулдаж л байна. Бусад аймгийн адуутай адилхан уралдаж л байна.Жилдээ хэдэн даага үрээ хойд аймаг сумд руу явуулчихдаг.Очсон адуу маань гайгүй давхиж байна л гэж дуулддаг. Заримыг нь найз нөхдөдөө өгч уяа сойлгыг нь тааруулуулдаг. Уях эзэн нь таарч, уяа сойлго нь жигдэрвэл адуу давхина. Булган аймгийн Рашаант сумын Уяачдын холбооны тэргүүн Пүрэвийн Буяндаваа гэдэг найздаа адуу өгч байлаа.  Ноднин Төв аймгийн Эрдэнэсантын сорилго уралдаанд миний гурван соёолон цувраад давхиж л байсан.

-Адууны үнэ сонин юм. Хонь бол 150  мянга гээд хөдөлгөөнгүй үнэтэй. Гэтэл адуу хэдэн саяын үнэд ч хүрч болох онцлогтой санагддаг?

-Адууны буян гэдэг цаглашгүй юм. Найз нөхөдтэйгөө ярьж суутал бэлгэнд хүрээд ирдэг,найз нөхдийнхөөр бууж мордоод явж байхад эзэндээ давхиад л ирдэг. Хэн нэгэнд бас бэлэг болгоод өгчихдөг. Харин  өөрөө үнэхээр авья гэж сонирхсон тохиолдолд боломжоороо дийлэх үнэ хэлээд авдаг. Авсан морьдоо айрагдуулж, түрүүлгэж байлаа. Ялангуяа уяж хурдлуулдаг адуу бол тухайн нөхцөл байдал, адууны чанараас шалтгаалж үнэ нь янз бүр байна.

-Анзаарч харахад малчдын амьдрал боломжийн болсон санагдах. Малчин бүр гэрийнхээ гадаа нэгээс хоёр машин, мотоциклтой болсон?

-Малынхаа үүлдэр угсаа, ашиг шимийг чанаржуулж чадвал малчдын ашиг орлог нэмэгдэнэ. Төлөг 25 мянгаас буухгүй, бяруу 150 мянгаас буухгүй тохиолдолд малчин хүний орлого боломжийн байх нь гарцаагүй. Цөөхөн малтай хүн бол хэрэгцээнийхээ хэрээр зараад л байна. Олон малтай хүн бол хавар ч юм уу үнэд орсон үед нь зарна. Хэзээ яаж малынхаа ашиг шимийг зарж борлуулахаас шалтгаална.

-Малчдын хөдөлмөр  хөнгөн болчихсон гэдэгтээ санал нийлэх үү?

-Хуучин шиг өглөөнөөс орой хүртэл малын захад яваад байдаг малчин ховор болсон. Малчдын ихэнх нь аймаг, хотод нэг байртай, хүүхдээ дотуур байранд бус өөрсдийнхөө байранд суулгадаг, ирж очдог жижиг машинтай, нүүдэл хийдэг ачааны машинтай, дээр нь ачаа бараагаа чирдэг чингэлэгтэй, гар утас, интернет, ашиглаж чаддаг болсон гээд одоо цагийн малчны хөгжил урагш ахисан . Морь унадаг малчин ховор болж, ховоо татахаа больж, цахилгаан мотор асааж малаа усалж байна. Хүүхэд байхад бид засгийн малыг услах гээд гараа цэврүүттэл ховоо татдаг байлаа. 

-Өвөл морь уралдуулахыг дэмждэг үү?

-Малчид хөдөө хоорондоо зохих хэмжээний бооцоо тавиад уралдах жишээ бий. Үүнийг нэг талд нь шийдэх хэрэгтэй. Дөрөв таван сараас уралдана гээд л уяачид морио бэлддэг болсон.Гэтэл нөгөө талаар дэндүү олон уралдаан болж байна. Зохион байгуулалтгүй уралддаг болсон нь асуудал дагуулдаг. Үүнээс болж Уяачдын холбооны нэр хүнд унаад байгаа. Угтаа бол Дорноговьд гуравдугаар сарын 01-нээс морь уралдана гээд зараа гаргаад уяачдын холбоонд нь зохион байгуулах эрхийг олгочихвол зүгээр. Тухайн холбоо сумын Засаг дарга, мал эмнэлэг, цагдаа, хүүхдийн байгууллага нартай хамтраад, уяач  хүүхдийн хамгаалал, аюулгүй байдлыг сахиж, тодорхой дүрэм журмын хүрээнд зохион байгуулдаг .Хуулийн дагуу, аюулгүй байдлыг хангаж уралдуулах нь хамгийн чухал.

-Танай хүүхдүүд аавыгаа дагаж малд дурлаж  байна уу?

-Хүүхдүүд одоохондоо ерөнхий боловсролын сургуульд сурч байна. Том хүү маань  сургуульдаа явдаг ч амралтаараа нутгийн уяачдыг дагаад морио уясан. Дараагийн охин ерөнхий боловсролын сургуульд сурахын хажуугаар даамын спортоор хичээллэж Азийн аварга, дэлхийн тэмцээний шагналт байрт шалгарсан. Охиныхоо спортын амжилтыг дэмжиж сүүлийн хоёр жил гадаадын улс орнуудаар хамт явлаа. Бага хүү маань цэцэрлэгт явдаг.

 

Холбоотой мэдээ