Мал төллөлт 40.5 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-04-14 18:25:47

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн мал аж ахуйн салбарт өрнөж буй зарим үйл явдлаас хүргэе.

Дорноговь  аймагт энэ хавар 4231 малчин өрхийн 2.4 сая толгой мал хаваржиж байна. Нийт төллөвөл зохих 803601 толгой эх мал төллөхөөс одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 325424 эх мал төллөж 2886 ботго,  1925  унага, 3962 тугал,176875  хурга, 140905 ишиг нийт 326553 төл хүлээн авчээ.

Аймгийн ХХААГ-ааас гаргасан мэдээгээр мал  төллөлт 40.5 хувьтай байгаа бол төл бойжилт 99,9 хувьтай байна. Том малын зүй бус хорогдлоор  тэмээ-тав, адуу хоёр, үхэр 10, хонь 45, ямаа 90 бүгд 152 толгой мал хорогджээ.


Ноолуур худалдан авах доод үнийг 85 мянган төгрөгөөр тооцжээ


Засгийн газрын 2020 оны 101 дүгээр тогтоолын дагуу ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгж Дорноговь аймагт  малчдаас ноолуур авахдаа хадгалалт, хамгаалалтыг харгалзан ноолуур худалдан авах доод үнийг 85,000 төгрөгөөр тооцож байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан Ноолуур бэлтгэлийн арга хэмжээг орон нутагт зохион байгуулах ажлын удирдамжийн дагуу хөнгөлттэй зээл авсан үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгч орон нутагт ажиллах төлөвлөгөөтэй байгаа тухай аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболд ярив.

Сумдын Хөдөө аж ахуйн тасаг тухайн үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөлөгч малчдаас ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтыг хүлээн авч, малчны овог нэр, хаяг, 2019 оны жилийн эцсийн ямааны “А” дансыг үндэслэн ноолуурын хэмжээний нарийвчилсан жагсаалтыг энэ оны 04 дүгээр сарын 20-ны дотор сумдаас авч ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн биржид хүргүүлэх аж.

Хөнгөлттэй зээлд хамрагдах үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн төслийг Хөгжлийн банкин дээр судалж байгаа бөгөөд шалгарсан үйлдвэр, аж ахуйн нэгжүүд ХХААХҮЯ-тай ноолуур худалдан авах доод үнийг хүлээн зөвшөөрч бодлогын гэрээ байгуулсны үндсэн дээр орон нутгаас ноолуур бэлтгэх ажлыг эхлэх юм.



Гадны аймгийн 106 мянган толгой мал хаваржиж байна


Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Алтанширээ Сайхандулаан, Иххэт, Дэлгэрэх, Өргөн, Улаабадрах, Сайхандулаан суманд  Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн 108 өрхийн 106 мянган толгой мал хаваржиж байна.

Харин аймгийн хэмжээнд нийт 395 өрхийн 226,8 мянган толгой мал өөрийн аймгийн нутагт оторлож байгаа байгаа бол үүнээс хилийн зурваст  таван сумын 103 өрхийн 95.9 мянган мал, тусгай хамгаалттай газар нутагт нэг сумын 49 өрхийн 18,1 мянган толгой мал хаваржиж буй.

Мөн өөрийн аймгийн бусад суманд найман сумын 199 өрхийн 92,6 мянган мал хаваржиж буй. Мөн  өөр аймагт дөрвөн сумын  44 өрхийн 20.2 мянган  мал хаваржиж байгаа аж.



Нийт 190 тонн өвс, 260 тонн тэжээл олгожээ 


Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хаваржилт хүндэрсэн, цаашид хүндэрч болзошгүй сумдад малчин өрх, малын тоо, отор нүүдэл, бэлчээрийн даац зэргээс хамааруулан 14 суманд нийт 190 тн өвс, 260 тн тэжээлийг аймгийн Онцгой комиссоос олгоод байна.

Одоогийн байдлаар тус аймгийн Мандах, Сайхандулаан суманд өвөлжилт хаваржилт хүндрээд байгаа аж. Дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар аймгийн Аюулгүйн нөөцөд 18 тонн өвс, 30 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 175.5 тонн өвс, 35.6 тонн тэжээл, малчдын түвшинд 2447.8тонн өвс, 247.5 тонн үйлдвэрийн тэжээл, 88.7 тонн хужир шүү байна.

Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас өнгөрсөн онд  гаргасан судалгаагаар Дорноговийн нийт нутгийн 17 хувь нь бэлчээрийн даац хүрэлцээтэй бөгөөд нөөцтэй, 35 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 31 хувь нь  даац 1-3 дахин, 17 хувь нь 3-5 дахин хэтэрсэн гэх дүгнэлтийг гаргасан юм.


Аюулгүйн нөөцийн өвсийг 7500 төгрөгөөр борлуулж байна


Хаваржилт хүндэрсэн малчдад аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг 7500 төгрөгөөр тус тус худалдаалж бана. Харин Сайншанд сумын Хайрхан захад  боодол өвсийг 11000 төгрөг, тэжээлийг хорголжин 21000 төгрөг, хивэгийг 16000 төгрөг   овъёосыг 36000 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Харин “Гуа тээг” худалдааны төвд тэжээл, хивэгийг 14000 төгрөгөөр зах зээлд худалдан борлуулж байгаа бол   сумдын  аюулгүйн нөөцийн өвсний дундаж үнэ 6500 -10000, тэжээл 11800-16000 төгрөгийн ханштай.

                                    

 

Холбоотой мэдээ