Халдвартай зарим оюутанд шинж тэмдэг илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-14 18:05:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас энэ сарын 11-нд ирсэн 13 иргэнд шинэ төрлийн коронавирусний халдвар илэрсэн тухай ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  


-Шинээр илэрсэн 13 тохиолдол хаанаас ирсэн бэ?

-Дээрх 13 хүн Москва хотод сурдаг, 19-24 насны оюутнууд байсан.


-Тухайн оюутнууд ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан уу?

-ОХУ-аас 282 иргэн ирснээс 20-ыг нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан байсан бөгөөд тэдний нэгээс “COVID-19” халдвар илэрсэн. Түүнтэй ойр байсан 31 хүнээс шинжилгээ авахад 13-аас нь вирус илэрсэн. Тухайн 13 хүний нэг нь Дархан-Уул аймагт, 12 нь “Амар” зочид буудалд байсан.


-Тэдний биеийн байдал ямар байна вэ?

-Биеийн байдал нь харьцангуй сайн байгаа. Зарим нь шинж тэмдэггүй, заримд нь 2-3 шинж тэмдэг илэрч байна. Одоогоор хяналт шинжилгээ хийж эмчилж байна. Тэднийг нэг нэгээр нь тусгаарласан.


-Дархан-Уул аймагт батлагдсан COVID-19” халдвартай иргэн мөн Москвад сурдаг уу?

-Тийм. Тухайн иргэн нь дээрх оюутнуудтай ирсэн бөгөөд ХӨСҮТ-д батлагдсан нэг тохиолдолтой хамт Москвагийн Төмөр замын дээд сургуульд сурдаг. Бидэнд ирсэн мэдээллээр тухайн сургуульд COVID-19” халдвар бүртгэгдсэн байна.


-Өвчтөнүүдийг эмчлэх хүний нөөцийн хувьд хангалттай байгаа юу?

 -ХӨСҮТ-ийн клиникийн хоёр том байшинд тусгаарлан ажиглаж, батлагдсан, сэжигтэй тохиолдлуудыг хянаж, эмчилж байгаа. Манай эмч нар ээлжээр ажиллахад бэлэн байгаа.


 -Манай улсад халдвар тархах эрсдэл ямар хэмжээнд байна вэ?

-Монгол Улс 6 удаа эрсдэлийн үнэлгээ хийсэн. Өнөөдөр бас хийнэ. Эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улсад коронавируст халдвар орж ирэх магадлал маш өндөр байсан. Мөн коронавирус бүртгэгдсэн тохиолдолд тархах эрсдэл маш өндөр гэж гарсан. Тиймээс хүн бүр эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөгөөг дагах нь чухал байна.

Холбоотой мэдээ