КОВИД-19 өвчнийг оношлох, тусгаарлах, эмчилгээний тоон үзүүлэлтүүд

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-04-15 15:30:47

Аливаа өвчинг “Хүсэх зүйл биш, хүрээд ирвэл буцах зүйл биш” гэж хэлдэг. Энэ нь өвчин тусвал эмчлэх ёстой гэсэн  утга санааг илэрхийлж байна. БНХАУ-ын Ухань хотод КОВИД-19  халдвар тархаж эхлэхэд Монгол улсыг хамгийн өндөр эрсдэлтэй орон  гэж  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) зарласан билээ. Тэдний хэлсэн үгийг төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, тэр дундаа эмч эмнэлгийн ажилтнууд чихнийхээ хажуугаар өнгөрөөсөнгүй. Цаг үед нь тохирсон төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсний хүчинд өвчнийг хязгаарлан барьж байна. Гэхдээ энэ өвчний гадна үлдэж чадсангүй. Дэлхий нийтийг аалзны тор мэт хэрсэн цар тахлын гадна үлдэх ч боломж байхгүй бизээ.


УИХ-ын чуулган (4 дүгээр сарын 10)-аар холбогдох байгууллага, албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Улаанбаатар хот, аймгуудад нийт 52 байршилд хяналт тавьж ажиллажээ. Гадаадын улс орнуудаас 9 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1842 иргэнийг  татан авсан байна. Мөн Бичигт, Хавирга, Алтанбулаг, Ханги, Эрээнцав зэрэг боомтуудаар нийт 4367 иргэнийг тус тус нэвтрүүлэн, хорио цээрийн дэглэмийн дагуу тусгаарлах байруудад байршуулан тандалт судалгаа хийж, шинжилгээнд оруулжээ.


Тэгэхээр энд хийсэн гол ажил нь оношлох, тусгаарлах байв. Ийм үйл ажиллагаа өнгөрсөн хугацаанд давамгайлжээ. Онцлон хэлбэл эмч, мэргэжилтнүүд энэ ажлыг сайн зохион байгуулсан гэж дүгнэж болно. Түүний үр дүнд өвчний анхны тохиолдол манай улсад хожуу (3 дугаар сарын 12) бүртгэгдсэн. Нэг үгээр хэлбэл анхны тохиолдол гарахад эмч мэргэжилтнүүд тухайн өвчний талаар ерөнхий ойлголт авсан байсан нь түүнийг тогтоон барихад тус нэмэр болов бололтой. Анхны тохиолдол илэрснээр тусгаарлах, оношлох гэх эмнэлгийн үйл ажиллагаанд эмчлэх ажиллагааг нэмлээ. Нийт тохиолдлоос өнөөдрийн байдлаар 4 хүн эдгэрлээ. Энэ бол өвчний голомтоос гарч байгаа сайн мэдээ.


Анхны тохиолдол гаднаас зөөвөрлөгдсөн гэдгийг онцлох хэрэгтэй. Өвчлөгсдийн тоо бага багаар өсөж байгаа хэдий ч бусад орноос өөрийн иргэдийг татан авах явцад гарч байна. Түүнээс биш хэн нэгэн тээгч тараасан тохиолдол байхгүй бөгөөд ийм тохиолдлыг гаргахгүй байх нь эмч мэргэжилтнүүдийн гол зорилт болоод байна.


Тавьсан зорилтдоо хүрэхийн тулд 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар эрүүл мэндийн 13,745, цагдаагийн  920, Онцгой байдлын 530, Мэргэжлийн хяналтын 1950, төрийн захиргааны 1200, аж ахуйн нэгжийн 303, нийт 18,648 хүн өдөр шөнөгүй ажиллан цар тахлыг тогтоон барихын төлөө хүчин зүтгэж байна. Үүнээс гадна оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжийн нөөц бололцоог ярих шаардлага гарч байна.


Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 9 нэрийн төрлийн тоног төхөөрөмжид 50 сая ам.доллар зарцуулсан байна. Улсын нэгдсэн төв эмнэлэг, Улсын 3 дугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ), Нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүд, Орхон, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Дорнод аймгийн Халхгол сум, Өмнөговь аймгийн Ханбогд сумын эмнэлэгт хувиарлан угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэжээ. Дэлхийн банкны санхүүжилтээр 2.2 сая доллар буюу 5.93 тэрбум төгрөгөөр суурин рентген аппарат 10 ширхэг, зөөврийн рентген аппарат 12 ширхэг, зөөврийн эхо аппарат 41 ширхгийг тус тус авч хуваарилжээ. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 100 ортой эмнэлэг, Сайншанд сумын 50 ортой эмнэлгийн барилгын гэрээг тус тус байгуулан улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм байна.


ОХУ-аас энэ сарын 12-нд манайх 282 иргэнээ татан авлаа. Тэдний 111 нь Дархан-Уул аймагт, 169 хүнийг Улаанбаатарт тусгаарлажээ. Харин 20 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан юм байна. Ирэгсдээс КОВИД-19 өвчин шинжилгээгээр илэрсэн (13) гэж мэдээллээ. Тэд бол голомт (ОХУ)-оос ирэгсэд гэдгийг мартаж болохгүй. Үйл явдлыг энэ өнцгөөс харвал аюул эрүүн дор байна.


Эмч, эмнэлгийн ажилтнууд мэрийхээрээ мэрийж байна. Тэдний хичээл зүтгэлийг иргэд өөрийгөө бусдаас дээд зэргээр хамгаалж нэмэр болох боломжтой. Яах вэ дээ, эмч эмнэлгийн ажилтнуудад төр засаг тусламж дэмжлэг үзүүлж байна. Тэдэнд үзүүлэх тусламж дэмжлэгээс гадна  аж ахуйн нэгж, иргэд хоцролгүй хандив өргөж байгаа билээ. Эмч, эмнэлгийн ажилтнуудад эдийн засгийн дэмжлэгээс гадна, хувь хүний хичээл зүтгэл маш их нэмэр болно. Тэгээд ч монголчууд “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж ярьдаг. Иргэд өөрийгөө хамгаалахын төлөө байх нь эмч, эмнэлгийн ажилтнуудад  үзүүлж байгаа хамгийн том тус  болох нь ойлгомжтой.


КОВИД-19 өвчний талаарх оншлох, тусгаарлах, эмчлэх туршлага эмч, эмнэлгийн ажилтнуудад хуримтлагдаж байна. Нэг үгээр хэлбэл энэ өвчнийг анагаах түүх бичигдэж байгаа гэж ойлгож болно. Энэ тал дээр дадлага туршлага нимгэн ч байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд шинэ өвчнийг тусгаарлах, оношлох, эмчлэх (монгол) арга барил бий болох эхлэл тавигдсан гэж хэлж болох юм. Цаашдаа улам боловсронгуй болж хөгжих нь тоодорхой. 


Мөн вирусний халдвараар өвчилж, амьсгалын хурц дутагдалд орсон өвчтнийг эмчлэхэд зориулж ECMO төхөөрөмж авахыг ДЭМБ зөвлөжээ. Уг төхөөрөмж 350 сяа төгрөгийн үнэтэй бөгөөд нэг өвчтөнд хэрэглэх дагалдах хэрэгсэл нь 37 сая төгрөгийн үнэтэй юм байна. ЭМЯ-аас дээрх төхөөрөмжийг 10 өвчтнийг эмчлэх дагалдах хэрэгсэлийн хамт 720 сая төгөргөөр авах хүсэлтээ Улсын онцгой комисст хүргүүлжээ. Улсын онцгой комисс цугларсан хандиваас дээрх зардалыг нь гаргах шийдэлд хүрчээ.


Монголчууд халварт өвчнийг эмчлэх, судлах талаар 20 дугаар зуунд боломжийн зүйл амжуулж хийжээ. Тухайлбал Эрүүл Мэндийн Сайдын 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр тушаалаар Халдварын клиникийн эмнэлэг, Халдварт өвчин судлалын төв, Сүрьеэгийн үндэсний  төв, Сүрьеэгийн клиникийн эмнэлгийг тус тус татан буулгаж ХӨСҮТ-ийг байгуулсан. Мөн халдварт өвчин судлалын чиглэлийн анхны судалгаа эрдэм шинжилгээний байгууллагыг 1961 онд байгуулсан (ШУА-ын харьяа Анагаах Ухааны хүрээлэнгийн халдвар нян судлалын сектор) байна. ЭМЯ-ны харьяанд 1968 онд тус хүрээлэн шилжсэн байх юм. Улмаар вируст гепатитын сектор, 1997 Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (НЭМХ)-гийн Халдварт өвчний судалгаа шинжилгээний төв болон өргөжүүлсэн юм билээ.


Ер нь Халдвартын эмнэлэг нь 1947 оны 6-р сарын 20-нд Улсын төв эмнэлгээс салбарлан 200 ортой үндсэн 5 тасагтай байгуулжээ.Тус эмнэлэг 20 жилийн хугацаанд 400 ортой 7 тасагтай клиник болсон. Улмаар энэ төв эмнэлэгт 1981 онд 200 ортой хүүхдийн халдварт өвчнийг эмчлэх больницийг нэгтгэн 725 ортой, 12 тасагтай, 8 туслах тасаг салбартай, 700 гаруй эмч ажилчидтай, Халдварт өвчнийг анагаах клиникийн эмнэлэг болж байжээ. Монголд өнгөрсөн зуунд нэвтэрсэн европ эмнэлгийн түүхийн хуудаснаас цухас дурьдвал ийм байна. 

Холбоотой мэдээ