Туршилтад хамрагдсан зуухнуудад мидлинг нь илүү үр дүнтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-04-14 11:28:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах Ажлын хэсэг, Шинжлэх ухаан технологийн сургуулийн эрдэмтэн багш нартай хамтарч уурын зууханд 3 төрлийн сайжруулсан түлш турших ажлыг 4 дүгээр сарын 2-ноос эхлүүлсэн бөгөөд өнөөдөр /2020.04.13/ үр дүнг урьдчилсан байдлаар танилцуулав.


Туршилтын үр дүнгээс харахад туршилтад хамрагдсан зуухнуудад мидлинг нь харьцангуй илүү үр дүнтэй байна. Харин зуухны хийц, шаталтын технологи зэргээс хамааран өөр үр дүн гарч болзошгүйг эрдэмтэд онцлов.



“Сайн түлш”-ний түүхий эд нь Өмнөговь аймгийн Тавантолгой ордын илчлэг өндөртэй коксжсон нүүрс, мидлинг юм. Тавантолгойн бүлэг ордын өндөр илчлэгтэй, угаасан нүүрсийг нэмэлт хольцоор баяжуулан, дөл авалцах хугацааг богиносгон, шаталтыг нь дэмжих технологиор боловсруулсан байна. Түүхий нүүрс шатах үед ялгаруулдаг хорт бодис болон агаарт дэгдэх нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ хоёр дахин буурах давуу талтай гэж үзэж байгаа. Шахмал түлшний найрлагын 96 хувь нь нүүрс, 4 хувь нь барьцалдуулагч бодис юм.


Туршилтад 54 аж ахуйн нэгжээс 7-г сонгон авч 9 уурын зууханд туршилт явуулсан бөгөөд ирэх долоо хоногт ажлын хэсэг эцсийн байдлаар хэлэлцээд пүрэв гарагт Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.


Ташрамд дуулгахад, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” А/1377 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа уур үйлдвэрлэгчдийн технологийн зуухнуудыг төвлөрсөн уурын шугам сүлжээнд холбох техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурын зуухны хийц бүтэц, даралт, температурын горимд тохируулан сайжруулсан түлш хэрэглэх туршилт судалгаа хийж, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийг Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2020 оны А/91 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь төлөвлөгөөний дагуу уурын зууханд туршилт тохируулга хийх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа билээ.

Холбоотой мэдээ