Нөөцийн махны үнэ ирэх долоо хоногт тодорхой болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-11 11:56:49

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын салбарын удирдлагууд нөөцийн махны үнэ ханшийн талаар ирэх долоо хоногт олон нийтэд мэдээлнэ гэв.

Тодруулбал, өнөөдөр “Хаан хүнс групп”, “Хөвч талын баялаг”, “Талын таван өндөр трейд”, “Вайт групп” ХХК-ийн салбарын удирдлагууд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй уулзах үеэрээ хэчнээн тонн махыг зах зээлд нийлүүлэх боломжтой, ямар үнээр, хаагуур худалдаалах зэргийг тодорхой тогтож, бэлтгэл хангаж байгаа талаараа танилцуулсан юм.

Жил бүрийн хавар зах зээлд махны нийлүүлэлт багасч хомсдол үүсдэг. Энэ хавар хорио цээрийн дэглэмтэй байгаа нь ч үүнд нөлөөлж, зах, худалдааны төвүүдэд махны үнэ өссөөр байна. Иргэдээс ирүүлсэн саналын дагуу аймгийн удирдлага дээрх уулзалтыг хийсний дүнд компаниуд нөөцөд байгаа махаа зах зээлд хямд үнээр нийлүүлэн хамтран ажиллах боломжтойгоо ийнхүү илэрхийлжээ.

Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт үхрийн мах кг нь 12 мянга, хонины мах кг нь 10 мянга, адууны мах кг нь 9 мянган төгрөгийн үнэтэй байна.  

 

Холбоотой мэдээ