Япон коронавирусний шинжилгээ авах хүчин чадлаа нэмэгдүүлнэ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-04-09 13:33:31

ТОКИО. /NHK/. Японы Эрүүл мэндийн яам коронавирусний шинжилгээ авах хүчин чадлаа нэмэгдүүлж, өдөрт авах шинжилгээний тоог 20 мянгад хүргэхээр төлөвлөж байна. Мөн автомашинд шинжилгээ авах боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа ажээ.


Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Японд одоогийн байдлаар өдөрт 12 мянган шинжилгээ авах боломжтой байгаа бөгөөд эдгээр шинжилгээг Халдвар өвчин судлалын үндэсний хүрээлэн, олон нийтийн эрүүл мэндийн төвүүд болон бусад газарт авч байгаа юм.  


Шинжилгээ авахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нэмэлтээр суурилуулахыг дэмжих замаар хүчин чадлаа сайжруулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд Засгийн газрын танилцуулсан эдийн засгийн яаралтай тусламжийг ашиглах ажээ.  


Мөн илүү олон хүнээс шинжилгээ авахын тулд ажилтнуудын тоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Японд энэ долоо хоногийн даваа гараг хүртэлх долоо хоногийн хугацаанд өдөрт дунджаар 4000 шинжилгээ авчээ.


Автомашинд шинжилгээ авах аргыг Нийгата хот зэрэг газруудад хэдийн нэвтрүүлсэн байна. Энэхүү арга нь эмнэлэгт халдвар тархах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой тул цаашид илүү олон газарт нэвтрүүлэхийг зорьж байгаа ажээ.


Эрүүл мэндийн яам шинжилгээ авах хүчин чадлаа хэзээ 20 мянгад хүргэх талаар тодорхой мэдээлээгүй боловч аль болох ойрын хугацаанд уг зорилтод хүрэхээр төлөвлөсөн байна. 


Японд лхагва гаргийн байдлаар халдварын 5678 тохиолдол бүртгэгджээ. Үүнд Ёкохама хотын боомтод тусгаарласан “Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээр халдвар авсан хөлгийн багийн гишүүд, зорчигчид нийлсэн 712 хүнийг оруулсан байна. Мөн уг халдварын улмаас 114 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ