БНСУ-д хоёрдугаар сарын сүүлээс хойших хамгийн цөөн тохиолдол бүртгэгдлээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-04-09 11:31:05

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д лхагва гарагт коронавирусний халдварын 39 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 10423 болжээ. Тус улсад өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээс хойш нэг өдөрт хамгийн цөөн тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.


БНСУ-д өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн дөрөв хоног дараалан ойролцоогоор 50-д хүрч буурсан бөгөөд мягмар гарагт 53 тохиолдол илэрчээ. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, халдварын улмаас нас барсан хүний тоо дөрвөөр нэмэгдэж, 204 болжээ. Мөн нийт 6973 хүн эдгэрсэн байна.


Халдвар хамгийн их тархсан Дэгү хотод дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Умард Гёнсан мужид шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Лхагва гаргийн байдлаар Дэгүд 6807, Умард Гёнсанд 1320 хүн халдвар авчээ. Тухайн өдөрт шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 12 нь Сөүл хотод, 10 нь Гёнги мужид бүртгэгджээ.


Мөн хилийн шалган нэвтрүүлэх цэгүүд дээр 10 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр зөөвөрлөгдөн ирсэн нийт тохиолдлын тоо 861-д хүрчээ. Өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоог 50-аас цөөн байлгахыг эрмэлзэж буй БНСУ-д зайнаас харилцах хатуу дүрмийн хугацааг энэ сарын 19 хүртэл сунгажээ. Тус улсад өнөөдрийн байдлаар нийт 497711 хүнийг шинжилгээнд хамруулсан байна. 

Холбоотой мэдээ