Коронавирусний үед эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-04-07 18:31:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (СОVID-19)-ын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.


Халдварын улмаас үйл ажиллагаа нь саатаж буй хувийн хэвшлийн ажил олгогч, ажилтны татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хөнгөвчлөх, ажил олгогчийг санхүүгээр дэмжих, алданги, торгуулиас чөлөөлж, бизнес эрхлэгчид ажилтнаа цалинжуулах, ажлын байраа хадгалж үлдэхэд нь төрөөс дэмжих шаардлага үүссэн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганд танилцуулав.


Иймд төсөлд иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлд хамаарах 14 ажлыг тодорхойлсон байна. Тухайлбал энэ сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл иргэдийн цалин хөлснөөс ХХОАТ авахгүй ч улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагч үүнд хамаарахгүй гэдгийг цохон тэмдэглэв. Мөн төрийн болон орон нутгийг өмчит аж ахуйн нэгж, тендерт ялж, улсаас мөнгөө аван ажиллаж байгаа компаниудыг энэ хөнгөлөлтөд хамруулахгүй. Уг заалтын дагуу 526 мянган иргэн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх ажээ. Харин хувиараа нийгмийн даатгал төлдөг иргэдэд Ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгохоос гадна хүүхдийн мөнгийг 10 мянгаар нэмэхээр тусгасан. Шинэ коронавирус тархахаас сэргийлэх зорилгоор үйл ажиллагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийн ажилтанд сар бүр 200 мянган төгрөг олгох юм. Жилийн борлуулах орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжийг 6 сарын хугацаанд орлогын татвараас чөлөөлөх заалт тусгасан бөгөөд энэ хөнгөлөлтөд 105 мянган аж ахуйн нэгж хамрагдана. Түрээсээ багасгасан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг мөн чөлөөлөхөөр тусгажээ. Үүнд зах, худалдааны төв, үйлдвэр үйлчилгээний газраас гадна хувийн сургууль цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний байр хамаарах юм.


Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. “COVID-19”-өөс сэргийлэх үүднээс УИХ-ын гишүүд Төрийн ордны таван танхимаас цахимаар холбогдон хуралдаж байгаа тул гишүүд гар өргөж, саналаа өгсөн юм. Тогтоолын төсөлтэй хамт Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай зэрэг 8 хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлээд буй юм. Тодруулбал, коронавирусний оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг тусгаад буй юм.


Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Засгийн газраас хэрэгжүүлэх “Ноолуур” хөтөлбөрийн 300 тэрбум ам.долларын эх үүсвэрийг хаанаас гаргах, тариалан эрхлэгчдийг хэрхэн дэмжих талаар тодруулав.


“Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 300 тэрбум төгрөгийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Ажлын байрыг хадгалах, хүн амын хүнсний нөөцийг нэмэх зорилгоор хаврын тариалалтыг бодлогын зээлээр дэмжих асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлэхээр төлөвлөж буйг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцлов.

Холбоотой мэдээ