Улсын аварга малчиддаа эцэг малын дүрс бүхий мөнгөжүүлсэн цутгамал олгодог болъё

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-04-09 16:28:58

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас улсын аварга малчдыг жил бүр шалгаруулан, шагнаж урамшуулдаг уламжлал тогтоод олон оныг үджээ. Нэг аймгаас дунджаар 3-5 хүн гэхээр жилдээ бараг 65-100 орчим хүн Улсын аварга малчин болж байна. Эдгээр хүмүүст Монгол Улсын Засгийн газраас таван хошуу малын дүрс бүхий цутгамал болон таван ханатай гэр, Улсын аварга малчин гэсэн энгэрийн тэмдэг зэргийг олгодог. Гэхдээ эдгээр шагналуудыг дээхэн үед Монгол Улсын Засгийн газраас Улсын аварга малчиддаа олгож байсан шагналуудтай харьцуулахад арай л жулдаад байх шиг санагдах юм.

Энд нэг жишээ татахад 1945 онд Монгол Улсын Засгийн газраас 97 хүнд “Мянгат малчин” цол олгосон бөгөөд тэднийг Увс аймгийн Наранбулаг сумын малчин Бөөрийн Иргэл 2334 толгой мал тоолуулан тэргүүлж байжээ. Тухайн үед Б.Иргэлд таван хошуу малын дүрсийг багтаасан цул мөнгөн самбар, цэвэр мөнгөн хуцны цутгамал, мөнгөн бүслүүртэй агар зандан саалийн хувин, эрээн майхан зэргийг гардуулж байсан аж. Б.Иргэл баяны мал сүрэг улам хурдацтай өсч, 1956 онд улсдаа анх удаа 10 мянга гаруй мал тоолуулсан тул “Монгол Улсын Алдарт сайн малчин” цолыг хүртсэн байна. Тухайн үед түүнд Монгол Улсын Засгийн газраас буур, азарга, бух, хуц, ухны дүрс бүхий эцэг малын 5 ширхэг цул мөнгөн цутгамал, дээр нь таван хошуу малын дүрсийг багтаасан мөнгөн самбар болон мөнгөн бүслүүртэй агар зандан саалийн хувин, эрээн майхан зэргийг гардуулж байжээ. Ийнхүү түүнд Монгол Улсын Засгийн газраас олгосон таван хошуу малын дүрсийг багтаасан цул мөнгөн самбар хоёр ширхэг, хуцны цутгамал хоёр ширхэг, мөн буур, азарга, бух, ухны дүрстэй цул мөнгөн цутгамлууд өдгөө хүүгийнх нь гэрт хадгалагдсаар байна. Энэхүү цэвэр мөнгөн цутгамлуудыг сорьц, жинтэй нь хамт баталгаажуулан улсын бүртгэлд бүртгэсэн байдаг аж.

ХХ зууны Монголын тэргүүн баян Б.Иргэлийн мал сүрэг 15 мянга гаруйд хүрсэн бөгөөд тэрбээр 1958 онд Наранбулаг сумын “Пеонер” нэгдлийг анх үүсгэн байгуулж, өөрийнхөө 12600 гаруй мал сүргийг нийгэмчилж байсан түүхтэй билээ.

Б.Иргэлд Монгол Улсын Засгийн газраас олгосон таван хошуу малын дүрсийг багтаасан цул мөнгөн самбар хоёр ширхэг, хуцны цутгамал хоёр ширхэг, мөн буур, азарга, бух, ухны дүрстэй цул мөнгөн цутгамлуудыг түүний бэр Тогтохын Дуламжав бурхан мэт шүтэж, хайрлан хамгаалсаар өдийг хүрсэн байна. Энэ тухай “Б.Иргэлд Засгийн газраас олгосон шагналуудыг бэр нь бурхан мэт шүтэж иржээ” гэсэн сурвалжлагыг өнгөрсөн 2-р сард МОНЦАМЭ агентлагийн сайтад бичиж оруулсныг уншигч та бүхэн санаж байгаа байх аа. Тэгэхээр 1945 онд Монгол Улсын Засгийн газраас Улсын сайн малчиддаа олгож байсан шагналыг 75 жилийн дараа гэхэд яг тэр хэвээр нь хадгалаад явж байна. Өнөөдөр Улсын сайн малчдад олгоод байгаа шагналууд 75 жилийн дараа бүрэн бүтнээрээ байж чадах уу?, үнэ цэн хүрэх үү? гэдгийг бас бодож үзмээр ч юм шиг. Б.Иргэлд олгож байсан энэ шагналууд он жилийн уртад улам л үнэ цэн орох байх. Харин одоо олгож байгаа шагналууд тийм хугацаанд хог дээр л бүү хаягдчихаасай билээ.

Мянган мал болоод арван мянган мал тоолуулж байсан малчиндаа Монгол Улсын Засгийн газраас ямархан хэмжээний шагнал гардуулж байсан амьд түүх нь байсаар байхад орчин цагт хатуухан хэлбэл хүүхдийн тоглооморхуу юм гардуулдгаа болимоор байна. Б.Иргэлд гардуулсан “Монгол Улсын Засгийн газраас олгов” гэсэн бичигтэй эрээн майхнаас юу ч үлдэлгүй үрэгджээ. Энэ майхны барааг бэр нь ч бараг хараагүй гэсэн. Улсын сайн малчдад олгоод байгаа улаан халзтай, таван ханатай монгол гэрээс тав, арван жилийн дараа бас л юу ч үлдэхгүй нь тодорхой. Энэ гэр бараг л нэмэргүй, нүүж суухад бөөн ачаа дараа болдог тухай малчид шүүмжилдэг.

Орчин цагт Улсын сайн малчиддаа Б.Иргэлд олгож байсан шиг их орцтой, цул мөнгөн цутгамлууд биш юмаа гэхэд ядаж нүүрэн талыг нь мөнгөжүүлсэн таван хошуу малын дүрс бүхий самбар олгодог болохсон. Эсвэл тухайн малчин ямар малыг түлхүү өсгөж үржүүлж байна түүнд нь тааруулаад тухайн эцэг малын мөнгөжүүлсэн цутгамал /зөвхөн гадна талыг нь бүрсэн/ олговол үнэ цэн орох юм шиг санагдаж байна. Тэгж гэмээн харин 75 жилийн дараа гэхэд улсын аварга малчдын шагнал бага ч болов үнэ цэнээ хадгалж үлдэх болов уу. Ядаж л үр хүүхдүүд, ач зээ нар нь миний аав ээж, эмээ өвөө минь ийм шагнал хүртэж явсан юм гээд үе дамжуулан хадгалж хамгаална шүү дээ.

Ер нь бол зөвхөн улсын аварга малчин гэлтгүй улсын аварга тариаланч, хадланч гэх мэт бусад улсын аваргууддаа ч гэсэн зөвхөн гадна талыг нь мөнгөжүүлсэн цутгамал өгвөл их л үнэ цэнтэй шагнал болох байх даа.  

Холбоотой мэдээ